Хачико нохойн 100 насны ойг төрсөн хотод нь тэмдэглэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-07-03
Үхэн үхтлээ эзнээ галт тэрэгний буудал дээр хүлээсэн Хачико нохой одоогоос 100 жилийн өмнө мэндэлжээ. Хачико 1923 оны 11 дүгээр сард Акита мужийн Одатэ хотод мэндэлсэн байна. Харин тэр эзэн Хидэсабүро Үэно дээр 1924 оны нэгдүгээр сарын 15-нд иржээ. Тэрбээр хөдөө аж ахуйн нэртэй профессор, нохойнд хайртай нэгэн байсан бөгөөд шавьдаа акита инү үүлдрийн нохой захиж Токиод авчруулсан нь тэр байсан юм. Ингээд нохойндоо японоор наймын тоог илтгэдэг хачи, шавь нарынхаа хүндэтгэн өгсөн ко-г нэмж нэр өгчээ. Гэвч Х.Үэно хэдэн долоо хоног ажлаар явах болж Хачико тэргүүтэй гурван нохойгоо Шибүяагийн галт тэрэгний буудалд орхиод явсан байна. Гурван нохой эзнээ орой хүртэл үлдсэн газартаа хүлээсэн юм. Гэвч 1925 оны тавдугаар сарын 21-нд 53 настай Х.Үэно тархины цус харвалтын улмаас нас бараад эргэж ирээгүй бөгөөд Хачико эзэнтэйгээ ердөө 16 сар хамт амьдарсан байна. Эзнээ нас барснаас хойш Хачико Шибүяагаас өөр газарт янз бүрийн айлд амьдарсаар 1925 оны зун Х.Үэногийн цэцэрлэгч байсан Кикүсабүро Кобаяшитай Шибүяад иржээ. Үүнээс хойш тэр өдөр бүр нар, бороотой алинд ч галт тэрэгний буудал дээр эзнээ хүлээх болов. Эхэндээ нохойг галт тэрэгний буудлын ажилчид төвөгшөөж, худалдаачид ус цацаж, дүрсгүй хүүхдүүд цохьж зоддог байжээ. Харин 1932 оны аравдугаар сард “Асахи Шинбүн” сонинд Хачикогийн тухай нийтлэл гарснаар улс даяараа түүнийг мэддэг болсон юм. Улмаар галт тэрэгний буудал түүнд хоол авч өгөхийг хүссэн хандивын мөнгө хүлээн авах болж, хаа холоос жуулчид зорин ирж түүнтэй уулзаж, нохойны тухай шүлэг, хайкү бичицгээх болов. 1934 онд түүний хөшөөг босгох хандивын аянд 3000 хүн нэгдсэн байна. Гэвч Хачико 1935 оны гуравдугаар сарын 8-нд өөд болжээ. Энэ тухай мэдээ сонины тэргүүн нүүрүүдэд гарч, Буддын шашны лам нар ном уншиж хойдохыг нь үйлдсэн бөгөөд олон хүн хөшөөг нь зорин ирж гашуудсан байна. Гэвч Шибүяагийн галт тэрэгний буудал дээр босгосон тэр хөшөөг дэлхийн хоёрдугаар дайны үеэр хайлуулж хэрэглэсэн юм. Ингээд дайны дараа 1948 онд дахин хандив цуглуулж хүрэл хөшөө босгожээ. Тэгэхэд Японы ард түмэн 800 мянган иений хандив өргөсөн нь одоогоор дөрвөн тэрбум иентэй тэнцдэг байна. Өдгөө жил бүрийн дөрөвдүгээр сарын 8-нд Хачиког дурсан санах өдөр болдог ба хөшөөг нь баяр ёслолын үеэр үргэлж ороолт, Сантагийн малгай зэргээр чимэглэсээр ирсэн юм. Цар тахлын үед хөшөөнд нь амны хаалт хүртэл зүүжээ. Мөн Хачикогийн хоншоор Токио дахь Японы Үндэсний байгалийн шинжлэх ухааны музейд буй. Харин нохойн төрсөн хот Одатэ энэ жил 100 насны ойг нь тэмдэглэх гэж байна. Өнгөрсөн жил тэд “Hachi100” төслийг санаачлан эхлүүлсэн бөгөөд Хачикогийн зурагтай бичгийн хэрэглэлээс авхуулаад зурагт ном, чихмэл, гэр ахуйн бараа, хувцас, гольфийн бөмбөг худалдаанд гаргажээ. Акита инү үүлдрийн нохой нь 1931 онд Японы Засгийн газрын шийдвэрээр үндэсний бэлгэ тэмдэг болсон бөгөөд энэ нь ухаалаг, тайван, зоригтой, том биетэй нохойн үүлдэр юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.