Арван нэгэн мянган жилийн өмнө Ази, Кавказад усан үзэм нутагшуулжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-06
Дэлхийн 17 улсын 89 эрдэмтэн хамтарсан судалгаа хийж Баруун Ази болон Кавказад одоогоос 11 мянган жилийн өмнө нэгэн зэрэг дарсны болон төрөл бүрийн зэрлэг усан үзэм нутагшуулсныг тогтоосон байна. Энэ тухай судалгааны үр дүнг өнгөрсөн мягмар гарагт “Science” сэтгүүл нийтэлж, сэтгүүлийнхээ нүүрэн дээр онцолсон юм. Тухайлбал, уг судалгааны өгүүллийн зохиогчдын нэг Хятадын хувьслын биологич Вэй Чэн “Усан үзмийн мод нь магадгүй хүн төрөлхтний хамгийн анх тарималжуулсан жимс байх” хэмээн “Washington post” сонинд ярьжээ. Мөн Юннаний хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Дун Ян “Манай судалгааны баг дэлхий даяар тархсан усан үзмийн 5000 генетикийн мэдээллийг цуглуулж, гурван жилийн турш геномын дарааллыг тогтоох шинжилгээ хийснээр таримал усан үзмийн модны геномын лавлагаа бүхий зураглал хийсэн” хэмээн “Синьхуа” агентлагт ярьсан байна. Улмаар тэд судалгааны явцад орчин үеийн усан үзмийн геномын дараалал 11 мянган жилийн өмнө өөрчлөгдсөнийг тогтоосон бөгөөд энэ өөрчлөлт орчин үеийн Армени, Гүрж, Азербайжан, Баруун Ази, Кавказад ижил цагт болсныг олж мэджээ. Харин үүний шалтгааныг хүн төрөлхтний шилжилт хөдөлгөөн, соёлын солилцоотой холбон тайлбарлаж буй юм. Мөн судалгааг хийсэн эрдэмтэд Кавказын усан үзмийн модод нь дарсны сорт болсон бол Баруун Азийнх хүнсний зориулалтын буюу энгийн усан үзэм болсон гэж үзжээ. Сонирхолтой нь, дарс үйлдвэрлэлээрээ алдартай Газар дундын тэнгис болон Ази, Европынхон энгийн усан үзмийг зэрлэг усан үзэмтэй хольж дарсны усан үзэм гарган авдаг байсныг тогтоосон байна. Түүнчлэн археологичид одоогоор мэдэгдэж буй эртний дарсны үйлдвэрүүд 8000 жилийн өмнө Кавказ, Гүржид үүссэн гэж нотолдог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.