images

Жүжигчин Роберт Де Ниро ерөнхийлөгч Д.Трампыг “бүдүүлэг этгээд” гэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-14


   Холливүүдийн нэрт жүжигчин Роберт Де Ниро Каннын кино наадмын тайзан дээрээс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “бүдүүлэг этгээд” гэж шүүмжилжээ. AP агентлагийн мэдээлснээр, Де Ниро өчигдөр эхэлсэн наадмын нээлтийн ёслол дээр тус наадмын дээд шагнал болох "Palme d'Or" буюу “Дал модны алтан навч” шагнал хүртсэн бөгөөд энэхүү шагнал нь дэлхийн кино урлагт томоохон амжилт гаргасан хүнд олгодог онцгой шагнал юм. Ёслолд оролцогсод түүний шагналыг жинхэнэ нүдээ олсон шагнал хэмээн талархан хүлээн авснаар барахгүй Д.Трампыг хатуу шүүмжилсээр ирсэн нэрт жүжигчний ардчиллын төлөөх тэмцлийг алга ташин сайшаасан байна. Шагналаа гардан авсныхаа дараа Де Ниро кино наадмын зөвлөлд талархал илэрхийлээд, улмаар Д.Трампын тухай ярихдаа "Урлаг бол үнэн юм. Урлаг олон талт байдлыг илэрхийлдэг. Тийм ч учраас дэлхий даяарх дарангуйлагч, фашистуудад айдас төрүүлдэг" гэжээ. Мөн тэрчлэн "АНУ-ын бүдүүлэг ерөнхийлөгч үндэсний шилдэг соёлын байгууллагуудын нэгний (Кеннедигийн төв) даргаар өөрийгөө томиллоо. Түүгээр үл барам урлаг, хүмүүнлэг, боловсролын салбарын санхүүжилт, дэмжлэгийг хасаж, АНУ-аас гадуур хийсэн кинонуудад 100 хувийн татвар ногдуулах зэргээр дураар авирлаж байна” гэх зэргээр хатуу шүүмжилсэн байна. Эцэст нь "Энэ байдлыг бид кинон дээр гардаг шиг зүгээр хараад сууж болохгүй. Энэ бол зөвхөн Америкийн асуудал биш, дэлхий нийтийн асуудал юм" гэжээ. Үүнтэй холбогдуулан Цагаан ордон "Гадаад киноны татварын эцсийн шийдвэр хараахан гараагүй байна" гэж мэдэгдэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.