М.Биндэрьяа: "Нүүдлийн музей"-г хөдөөгүүр авч явахад “Энэ дотор жинхэнэ динозавр байгаа юу?” гэж асуудаг
Чихэнд чимэгтэй
2024-08-29
Монголын Динозавр судлалын хүрээлэнгийн “Нүүдлийн музей” өнгөрөгч 10-ны өдрөөс эхлэн ес хоногийн хугацаанд баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгаар яваад иржээ. Уг музейг 11 хүнтэй баг хариуцаж явсан бөгөөд тэднийг Динозавр судлалын хүрээлэнгийн боловсролын сайн дурын ажилтан М.Биндэрьяа удирдсан байна. Тэрбээр манай сайтад ярихдаа "Монголын Динозавр судлалын хүрээлэн 2015 оноос хойш нийт 18 аймагт нүүдлийн музейгээ танилцууллаа. Зарим аймагт 2-3 удаа ч очсон байна. Одоо очоогүй аймаг гэвэл Увс, Завхан үлдэв. Энэ удаа хүрээлэнгийн хоёр дадлагажигч оюутан, дөрвөн өсвөрийн судлаач, хоёр жолооч, АНУ-ын “Peace corps” байгууллагын ажилтантай хамт явлаа. Судлаач хүүхдүүд болон дадлагажигч оюутнууд англиас монгол руу музейн тайлбарыг орчуулан хүргэж, хүүхэд залууст сургалт хийх үүрэгтэй явсан. Хүүхдүүд маань сайн дураараа манай хүрээлэнд ирж үлэг гүрвэлийг сонирхон судлаад удаж байгаа юм. Музейг аймаг тус бүрд 70-100 хүүхэд, эцэг эхчүүд сонирхож үзлээ. Тэд дэлхийд алдартай үлэг гүрвэл, үүр нь Монголын нутгаас олдсон гэдгийг сонсоод гайхаж хүлээж авсан. Ялангуяа хүүхдүүд музей үзсэний дараа "Үлэг гүрвэл гэж яг ийм амьтан байсан уу?" гэж хамгийн их асуудаг. Тэгээд "Монгол орноороо бахархах сэтгэл төрж байна" гэдэг. Бас хөдөө зам дээр түр зогсоход тааралдсан морьтой хүүхдүүд ихэд шохоорхож ирнэ, зургаа авхуулна. Ер нь том жижиг гэлтгүй "Энэ дотор жинхэнэ үлэг гүрвэл байгаа юу" гэж их асууж байсан даа” хэмээсэн юм.
Нүүдлийн музейг агуулгаар нь гурван хэсэгт хуваан дэглэжээ. Эхний хэсэгт үлэг гүрвэл яагаад, хэзээ мөхсөн, ямар цаг хугацаанд амьдарч байсныг танилцуулах бол хоёрдугаар хэсэгт уг амьтны эрин үе ямар байсныг танилцуулсан аж. Харин гуравдугаар хэсгийг монгол нутагт үлэг гүрвэл байсан гэдгийг яаж мэддэг, ямар ул мөр олддог, тэндээс судлаачид юу олж харах талаар бэлтгэсэн байна. Мөн музейд Монголын нутгаас олдсон хоёр төрлийн үлэг гүрвэлийн олдвор, 3D загварыг дэлгэжээ.
Автобус тохижуулж байрлуулсан нүүдлийн музейг АНУ-ын Нью-Йорк хотын Байгалийн түүхийн музей хандивласан байна. Тиймээс музейн тайлбарууд англи хэл дээр байдаг, түүнийг нь Монголын өсвөрийн судлаач хүүхдүүд үзэгчдэд эх хэлээрээ тайлбарлаж өгдгийг М.Биндэрьяа хэллээ. Музейд ердийн дулаан буюу халуун, хүйтэнд тэсвэртэй, боловсрол олгох зорилгоор ашиглахаар бодит үзмэрүүдээс хуулбарласан бүтээлүүд тавьсан бөгөөд жолоочоос өөр зорчигч сууж явах боломжгүй ажээ.
Нүүдлийн музей Говь-Алтай аймагт
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.