Менингококкийн эсрэг 2000 тун вакцин авахаар болжээ
Чихэнд чимэгтэй
2025-02-05
Монгол улс ирэх долоо хоногт менингококкийн халдварын эсрэг 2000 тун вакцин хүлээн авахаар болсон тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдлээ. Тэрбээр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн хамт энэ сарын 3-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, эмч мэргэжилтнүүдтэй өвчний дэгдэлт, бэлэн байдлыг хангах хариу арга хэмжээний тухай ярилцсан байна. Менингококкийн вакцин нь халдвар гарсан үед хийгддэгээрээ онцлог бөгөөд хадгалах хугацаанаас хамааран байнгын нөөцөд байлгах боломжгүй ажээ. Тиймээс ДЭМБ-тай хамтран захиалсан вакциныг халдварын хавьтал болсон, мөн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн хүмүүст хийх юм байна. Манай улсад 2024 оны сүүлээр менингококкийн хоёр тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ нотолсон юм. Менингококкийн халдвар нь Neisseria meningitidis нянгаар үүсгэгддэг бөгөөд тархины хамгаалалтын давхарга, цус, эсвэл хоёуланд нь хүнд хэлбэрийн халдвар үүсгэдэг. Хэрэв эмчлэхгүй бол халдвар нь нас баралт өндөртэй байж болох ч вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой. Өвчний нийтлэг шинж тэмдэг нь гэнэт халуурах, бөөлжих, дотор муухайрах, толгой өвдөх, хүзүү хөших, нуруу өвдөх, гэрэлд мэдрэмтгий болох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.