images

Давосын чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-20


   Дэлхийн улс орнуудын удирдагчид чуулдаг Давосын форум өнөөдөр Швейцарт эхэлж байна. 1971 онд үндэс суурь нь тавигдсан тус чуулга уулзалт нь жил бүрийн нэгдүгээр сард Давос хотод зохион байгуулагдаж дэлхийн өнцөг булан бүрээс уригдсан нэр хүндтэй улс төрчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаач нар цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг арга хэмжээ юм. Энэ удаагийн уулзалтад орон орны дээд түвшний 50 албан тушаалтан, нийгмийн бүх давхаргыг төлөөлсөн 2500 орчим хүн оролцоно. Чуулга уулзалтыг зохион байгуулагчдын хэлснээр, энэ удаагийн форум “Хиймэл оюуны эрин үеийн хамтын ажиллагаа” уриан дор явагдах бөгөөд хиймэл оюун ухаан хурдтай дэлгэрч хүн бүрийн аж амьдралд өөрчлөлт авчирч буй энэ цаг үед түүний сөрөг үр дагавраас сэргийлэхийн зэрэгцээ технологийн дэвшлийг ашиглан хүн төрөлхтний нийтлэг асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх зорилготой ажээ. Харин дэд хөтөлбөрт дижитал эрин үеийн эдийн засгийн өсөлтийн загвар, ухаалаг эрин үеийн үйлдвэрлэл, эх дэлхийгээ хамгаалах, итгэлцлийг сэргээх зэрэг сэдэв багтана. Уулзалтад Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен, БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Дин Сюэсян, Германы канцлер Олаф Шольц, Испанийн ерөнхий сайд Педро Санчес, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Израилийн ерөнхийлөгч Исхак Херцог нарын өндөр дээд албан тушаалтнууд оролцоно. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тэргүүтэй НҮБ, түүний салбар байгууллагуудын тэргүүн нар, Олон улсын валютын сан, НАТО зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид Давост ирэх ажээ. Харин АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөснийхөө дараа буюу 23-ны үдээс хойш чуулга уулзалтад ирж үг хэлнэ. Энэ чуулга уулзалтаар хэлэлцэх Украины дайн, Ойрх Дорнодын аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ, чөлөөт худалдааг дэмжих зэрэг томоохон асуудлууд АНУ-ын засаг захиргааны өөрчлөлтөөс нэг их хамаарахгүй. Гэхдээ Д.Трампын хэлэх үг дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.