images

Тайвань улс гадаадын мэргэжилтнүүдэд үүд хаалгаа нээж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-03


   Тайвань улс мэдээллийн технологийн (IT) чиглэлийн гадаадын мэргэжилтнүүдэд үүд хаалгаа нээж байгаа тухай Хонконгийн South China Morning Post” сонин мэдээллээ. Тус улсын Засгийн газар энэ сард гадаадын иргэдэд зориулсан "Digital nomads" хэмээх зургаан сар оршин суух визний систем нэвтрүүлэв. "Digital nomads" гэж зөвхөн зөөврийн компьютер гэх мэт дижитал төхөөрөмж ашиглан зайнаас ажилладаг оффисын ажилтнуудыг хэлдэг. COVID 19 цар тахлын үед дэлхий даяар зайнаас ажилладаг хүмүүсийн тоо эрс нэмэгдэж одоогийн байдлаар 40 саяд хүрээд байгаа билээ. Тэд ихэвчлэн 90 хоног хүртэл визгүй зорчдог орнуудад очиж түр хугацаагаар ажиллаад буцдаг аж. Тиймээс Тайванийн Засгийн газар тэдгээр гадаад ажилтанд зургаан сар хүртэл урт хугацаагаар оршин суух эрх олгож, илүү үр дүнтэй ажиллах боломж бүрдүүлж буй нь энэ юм. Сүүлийн үед тус улс ажиллах хүчний хомсдолд орох болсон тул үүнийг шийдвэрлэх арга замын нэг нь гадаад ажилчдыг татах гэж үзсэн байна. Үүнээс өмнө 2018 онд шинжлэх ухаан, технологийн чиглэлээр мэргэшсэн гадаадын иргэд тус улсад ирж 1-3 жил ажиллах боломжтой “Хөдөлмөр эрхлэлтийн алтан карт” визийн систем бий болгож байв. Улмаар өнгөрсөн оны нэгдүгээр сард 2032 он гэхэд 400 мянган гадаад ажилчин ирүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлаж, гадаад оюутнууд Тайваньд их сургууль төгссөний дараа оршин суух хугацаа 12 сар байсныг хоёр жил болгон сунгасан байна. Дээрх сонины мэдээлснээр 2024 оны эцсийн байдлаар Тайваньд 800 мянга орчим гадаад хүн ажиллаж байгаа нь тус улсын нийт хүн амын гурван хувьтай тэнцэж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.