Олон улсын жүдогийн холбоо Б.Баасанхүүг оны шилдэгт нэр дэвшүүлэв
Чихэнд чимэгтэй
2024-12-17
Олон улсын жүдогийн холбоо 2024 оны шилдгүүдээ шалгаруулахаар шагнал тус бүрд нэр дэвшигчдээ зарлажээ. Тус холбоо “Хүүхдийн төлөө жүдо”, “Энх тайвны төлөө жүдо”, “Оны онцлох мөч”, “Оны шилдэг дасгалжуулагч”, “Өсөж буй тамирчин”, “Оны шилдэг эмэгтэй жүдоч”, “Оны шилдэг эрэгтэй жүдоч”, “Оны шилдэг иппон” гэсэн найман төрөлд өрсөлдөж буй 63 нэр дэвшигчээс шилдгийг шалгаруулах юм. Манай улсаас ДАШТ-ий аварга, Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү “Moment of the Year” буюу “Оны онцлох мөч” шагналд Олимпын медальд хүрсэн барилдаанаараа нэр дэвшлээ. Тэрбээр өнөөдрийн байдлаар авсан саналаараа нэр дэвшсэн төрөлдөө эхний гуравт жагсаж байна. Б.Баасанхүү энэ шагналын төлөө “Парис 2024” Олимпын наадмын холимог багийн дэвжээнээ аваргын төлөө халз өрсөлдсөн япон, франц бөхчүүд, Абэ Үтаг ялсан Узбекистаны Диёра Келдиёрова, Сан-Томэ ба Принсипи улсаас анх удаа Олимпод оролцсон жүдоч Ролдение Оливейра болон Парисын “Их дуулга” тэмцээний “Баатрууд болон домгууд”-ын барилдаануудтай өрсөлдөж байна. Оны шилдгийг шалгаруулах нээлттэй санал асуулга энэ сарын 10-нд эхэлсэн бөгөөд нэг сарын дараа буюу ирэх сарын 10-нд хаагдана. Энэ хугацаанд жүдо бөх сонирхогчид холбооны вэбсайт руу нэвтэрч найман ангилал тус бүрд нэг хүнд саналаа өгөх эрхтэй юм. Олонхын саналаар тодорсон оны шилдгүүдийг ирэх оны Парисын “Их дуулга” тэмцээний үеэр нийтэд зарлах ажээ.
Сонирхуулахад, оны шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдочид "Парис 2024” Олимпын наадмын долоон жинд тэргүүлж алтан медаль хүртсэн тамирчид нэр дэвшжээ. Тэдний дундаас эмэгтэйчүүдийг Д.Келдиёрова, Канадын Криста Дегүчи, Бразилийн Беатриц Соуза, эрэгтэйчүүдийг Казахстаны Елдос Сметов, Азербайжаны Хидаят Гейдаров, Гүржийн Лаша Бекаури нар авсан саналаараа тэргүүлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.