Мужааны ангийн оюутнууд хийсэн сандал ширээгээ сургууль, цэцэрлэгт өгчээ
Чихэнд чимэгтэй
2024-12-16
Баянхонгор аймгийн Политехник коллежийн мужаан, сантехник, гагнуурын ангийн оюутнууд сурагчийн эко модон ширээ, сандал хийж, сургууль, цэцэрлэгүүдэд өгчээ. Тэд үндсэн хичээл дээрээ багштайгаа хамтран хийсэн ширээ, сандлыг өнгөрсөн долоо хоногт Галуут сумын ерөнхий боловсролын сургуульд нийлүүлсэн бол эко модон сандлыг Баянхонгор сумын тавдугаар цэцэрлэгт хандивласан байна. Аймгийн Боловсролын газрын дарга Ж.Алтанцэцэг энэ талаар МОНЦАМЭ агентлагт ярихдаа "Боловсролын салбартаа бие биенээ дэмжсэн, зах зээлийн үнэ ханшаас хямд, бат бөх байхаар тооцсон ажил ийнхүү эхэллээ. Цаашид хоол үйлдвэрлэлийн ангийн оюутнуудын хийсэн бүтээгдэхүүнээр сургууль, цэцэрлэгийн үдийн цай, хоолыг хангахаар төлөвлөж байна. Санхүүжилтээ эх орондоо, нэн ялангуяа аймагтаа үлдээн баялаг болгохын зэрэгцээ сургалтын байгууллагууд материаллаг баазаа өргөжүүлэхэд энэ нь том түлхэц болно" гэжээ. 1963 оны долоодугаар сарын 1-нд “Барилгын сургууль комбинат” нэртэйгээр анх байгуулагдсан тус сургууль 2006 оноос Политехник коллеж болж, өмнө нь байсан 2.5 жилийн сургалт дээр 1.5 жил нэмэгдсэн юм. Ингэснээр оюутнууд сургуулиа мэргэжлийн дипломтой төгсөх болсон байна.
Гэрэл зургийг: Баянхонгор аймгийн Боловсролын газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.