images

Үрийн буудайг анх удаа дуудлага худалдаагаар борлууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-20


   Хөдөө аж ахуйн бирж дээр энэ сарын 15-ний өдөр болсон үрийн буудай дуудлага худалдаагаар 561 сая төгрөгийн үр борлуулагджээ. Тодруулбал, "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХК-ийн нөөцөнд байсан 5961 тонн болон үр үржүүлгийн компаниудаас нийлүүлсэн 20 мянган тонн үрийг 13 тариалан эрхлэгч ААН дуудлага худалдаагаар худалдан авсан байна. Ингэснээр тариаланчид 2025 оны хавар ашиглах үрээ нөөцөлжээ. Намар, өвлийн улиралд үрээ нөөцөлснөөр хаврын улиралд үрийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх боломжтой аж. Тиймээс Хөдөө аж ахуйн корпароци өмнө нь ААН-үүдээс хүсэлт авч, хуваарийн дагуу үр олгодог байсан тогтолцоог халж, зах зээлийн зарчмаар дуудлага худалдаа зохион байгуулж, тариалан эрхлэгчид өөрсдийн тариалалтийн онцлогт тохирсон үрийг сонгож авах боломжийг бүрдүүлжээ. Зохион байгуулагчид уг дуудлага худалдааны талаар цахим хуудсандаа "Үржүүлгийн буудайн үр 1.5 сая төгрөгөөс эхэлсэн бол элит үр 1.6 сая төгрөгөөс эхэлж дуудсан. Мөн ОХУ-аас 2023 онд хурааж авсан овьёос, вандуй, цагаан арвайны үрийг энэ онд импортоор оруулж ирсэн үрийг энэ удаа борлууллаа. Овьёосны үр 1.741.000, вандуйн үр 2.780.000, цагаан арвай 1.741.000 төгрөгөөс тус тус эхэлж дуудсан. Дуудлага худалдаа үнэ өсөх зарчмаар явагддаг учраас үр нийлүүлж байгаа ААН, Хөдөө аж ахуйн бирж эхний үнийг тогтоож таван минутын хугацаанд хамгийн өндөр үнэ илгээсэн ААН ялагч болж, өөрийн хүссэн үрээ авсан. Цаашид энэ арга хэмжээг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна" хэмээн мэдээлжээ. Сонирхуулахад, манай улсад жилд 40-45 мянган тонн үрийн буудайн эрэлт бий болдгоос 30 орчим хувийг Хөдөө аж ахуйн корпораци сүүлийн гурван жилд дотооддоо хангаж иржээ. Харин үлдсэн 70 хувийг тариаланчид өөрсдөө нөөцөлдөг ч энэ нь хангалттай хэмжээнд хүрдэггүй байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.