images

“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос гаргажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-14


   Хубилай хааны байгуулсан Юань улсын цэрэг Япон руу довтолсны 750 жилийн ойн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн захиалгаар “Хубилай хааны усан флот” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа. Алтаар бүрсэн зэс зоосыг Японы Токио хотын Кокүгакүин их сургуульд болсон “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум”-ын үеэр олон нийтэд танилцуулжээ. Зоосны нүүрэн талд далайд хөвж буй Хубилай хааны хөлөг онгоцны загварыг компьютер графикаар сэргээн, дээр нь шонхор шувууг нисэж буйгаар дүрсэлсэн байна. Мөн зоосны дээд хэсэгт “Хубилай хааны усан флот”, доод хэсэгт хөлөг онгоц олдсон газар болох “Шонхрын арал” буюу Такашима арлын нэрийг бичжээ. 750 төгрөгийн нэрлэсэн үнэтэй уг зоос 38.61 мм диаметртэй, 50 грамм жинтэй. Зоосыг бүтээхэд Мацүра хотын захиргаа, музей, Нара их сургууль, Кокүгакүин их сургуулиас албан ёсны зөвшөөрөл авч, Фүкүока дахь Монгол улсын өргөмжит консулын газартай хамтран ажиллажээ. Японы Мацүра хотын Такашима арлын далайн ёроолоос Монголын эзэнт гүрний усан цэргийн хөлөг онгоцны үлдэгдэл олдсон билээ. Дотроо олон тасалгаатай, 13-14 дүгээр зууны үеийн хийц бүхий сав суулга олдсон уг хөлөг онгоцыг Японы судлаачид олон талаас нь судалж Хубилай хааны усан цэргийн хөлөг онгоц гэдгийг баталсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.