images

Вьетнам: Нэг ангийн найз охид эмнэлэгт төрөхдөө солигдсон болох нь тогтоогджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-13


   Вьетнамын Ханой хотод аж төрдөг А хэмээх бүсгүйд тохиолдсон явдлын талаар Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тэрбээр анх Хо Ши Мин хотод нөхөрт гарч, удалгүй охинтой болж энгийн сайхан амьдарч байжээ. Харин бяцхан охин нь өсч том болох тусам илүү үзэсгэлэнтэй хөөрхөн болж, царай төрх, зан чанараараа аав, ээжийнхээ хэнийг ч дуурайгаагүй болох нь мэдэгдэж эхэлсэн байна. Үүнд гайхширсан аав нь охинтойгоо ДНХ-ийн шинжилгээ хийлгэхэд өөрийнх нь охин биш гэсэн хариу гарчээ. Цочирдсон гэрийн эзэн сэтгэлээр ихэд унаж эхнэрээ хардах болсноос гэр бүл салж эхнэр нь охиноо аваад төрөлх Ханой хотдоо ирж суурьшсан аж. Ханой хотын сургуульд шилжиж ирсэн охин ангийнхаа нэгэн охинтой ихэд дотно найзлах болсон бөгөөд тэд нэг өдөр, нэг эмнэлэгт төрсөн байв. Ээж нь охиныхоо төрсөн өдрөөр найзыг нь гэртээ урьж бяцхан үдэшлэг хийхэд А бүсгүйн найз нь айлын охин өөртэй нь илүү адилхан болох талаар сониучирхан ярьж, өөрт нь ч гэсэн охиных нь найз өөрийнх нь багын төрхтэй адилхан мэт санагджээ. Үүнд гайхсан бүсгүй охиныхоо найзын ээжид учир явдлыг ойлгуулж ДНХ-ийн шинжилгээ өгөхөд хоёр охин төрөхдөө эмнэлгийн буруугаас болж солигдсон болох нь тогтоогдсон байна. Ийм цочирдом явдлыг олж мэдсэн хоёр гэр бүл охидоо насанд хүрэхээр үнэн учрыг хэлэхээр тохиролцож, охид ч урдын адил дотно нөхөрлөсөөр байгаа ажээ. Алдаа гаргасан эмнэлэг ямар хариуцлага хүлээсэн талаар тодорхой мэдээлэл үгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.