Бүүкерийн шагналыг Их Британийн зохиолч хүртэв
Анд нөхдийн мэдээ
2024-11-13
Их Британийн зохиолч эмэгтэй Саманта Харви "Orbital" зохиолоороо Их Британийн утга зохиолын дээд шагнал болох Бүүкерийн шагнал хүртсэн тухай AFP агентлаг мэдээлэв. Тэрбээр COVID 19 цар тахлын үед дэлхийг тойрон аялсан зургаан сансрын нисэгчийн тухай өгүүлсэн бүтээлээрээ дээрх шагналыг хүртэж, 50 мянган паундын мөнгөн шагнал авсан байна. Өмнө нь өөр өөр сэдвээр дөрвөн роман туурвисан тэрбээр 2009 онд "The Wilderness" романаараа Бүүкерийн шагналд нэр дэвшиж байжээ. Энэ удаад шагнал хүртсэн "Orbital" зохиолд Америк, Орос, Их Британи, Итали, Япон зэрэг орны, үндэс угсаа өөр хоёр эрэгтэй, дөрвөн эмэгтэй сансрын нисгэгч Олон улсын сансрын станцад амьдарч, 16 удаа нар мандах, жаргахыг харах явц, энэ хугацаанд өрнөх хүний мөн чанар, хүсэл эрмэлзэл, уур амьсгалын хямралын тухай өгүүлсэн байна. Зохиолч шагналын мөнгөө “Өөрөөсөө бусад хүн болон амьд биетийн оршихуй, нэр төрийг хүндэлдэг, таалагдахгүй байсан ч эсэргүүцдэггүй хүмүүст зориулна” хэмээн хэлжээ. Таван хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн хороог ахалсан зохиолч, зураач Эдмунд Дэуол 136 хуудас бүхий "Orbital" зохиолыг “Энэ бол бидний ертөнцийг илүү шинэлэг болгосон бүтээл” хэмээн үнэлсэн байна. Энэ жилийн Бүүкерийн шагналд 156 зохиол нэр дэвшсэнээс эцсийн шатанд С.Харвигийн хамт АНУ, Канад, Австрали, Нидерландын таван зохиолчийн бүтээл шалгарч өрсөлджээ. Дашрамд сонирхуулахад, сүүлийн шатанд шалгарч үлдсэн зургаан зохиолчийн тав нь эмэгтэй байсан нь Бүүкерийн шагналын 55 жилийн түүхэнд хамгийн олон эмэгтэй зохиолч шалгарсан тохиолдол болсон байна. 1969 онд бий болсон Бүүкерийн шагнал нь англиар бичигдсэн, орчуулагдсан, Их Британи, эсвэл Ирландад хэвлэгдсэн бүтээлүүдээс шалгаруулдаг уламжлалтай юм. Өнгөрсөн жил Ирландын зохиолч Пол Линч "Prophet Song" романаараа тус шагналыг хүртэж байв. Энэ жилийн утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзэн, Өмнөд Солонгосын зохиолч Хан Кан 2016 онд Бүүкерийн шагналын олон улсын номинац болох “Man Booker International” шагналыг хүртэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.