Их Британийн Бристолын их сургуульд 30 гаруй монгол оюутан суралцаж байна
Чихэнд чимэгтэй
2024-11-12
Их Британид суугаа Монголын Элчин сайдын яамныхан Бристолын их сургуульд зочилж, тэнд суралцдаг монгол оюутнууд болон тус сургуулийн Шинжлэх ухаан, инженерийн сургуулийн захирал, олон улсын оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Дэлхийн их, дээд сургуулиудын чансааны аравдугаарт эрэмбэтэй тус сургуульд 30 гаруй монгол оюутан суралцаж байгаагаас зургаа нь энэ онд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрөөр суралцахаар очсон байна. Элчин сайдын яамныхан их сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, хичээлийн чиглэл, монгол оюутнуудын сурлагын талаар мэдээлэл авч, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, монгол оюутнуудын тоог нэмэх боломжийн талаар санал солилцжээ. Монгол оюутнууд компьютерын шинжлэх ухаан, тархи-сэтгэл судлал, агаарын тээврийн инженер, өгөгдлийн шинжлэх ухаан, малын эмч, барилгын инжинер, биохими, бизнес, санхүү, улс төр, гадаад харилцааны мэргэжлээр Бристолын их сургуульд суралцаж байгаа аж. Тэд хичээлийнхээ хажуугаар өвөр монгол, буриад, халимаг оюутнуудтай хамтран байгуулсан нийгэмлэгийнхээ үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа талаар Их Британи дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.