Фото: Рэнжүгийн ДАШТ Монголд эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-11-04
Рэнжүгийн 13 дахь удаагийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Дэлхийн Рэнжүгийн холбоо, Монголын Рэнжүгийн холбоо, “Арвис” сургууль хамтран Японы Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр тус тэмцээнийг энэ сарын 3-7-ны өдрүүдэд ерөнхий боловсролын “Арвис” сургууль дээр зохион байгуулж байна. Рэнжү нь Япон улсаас үүсэлтэй, сэтгэхүй хөгжүүлэх хөлөгт тоглоом бөгөөд хар, цагаанаар хоёр талаас өрсөлдөж зургаан эгнээ дараалан эзэлж хождог тоглоом юм. Монголчууд энэ тоглоомыг "X, 0" гэдгээр сайн мэддэг. Тэгвэл тус тоглоомыг оюуны спорт болгон хөгжүүлэх зорилгоор өсвөрийн ДАШТ-ийг 1996 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж иржээ. Хамгийн сүүлд 12 дахь удаагийн тэмцээнийг 2018 онд Турк улсад зохион байгуулснаас хойш коронавирусын цар тахлын улмаас завсарлаж ийнхүү зургаан жилийн дараа манай улсад зохион байгуулж байна. Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд “Арвис” сургуулийн сурагчид монгол үндэсний бүжиг, морин хуур, уран нугараачийн үзүүлбэрээр, орон орноос ирсэн өсвөрийн тамирчин хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тус тэмцээнд ОХУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол таван орны 90 гаруй тамирчин бүртгүүлжээ. Тамирчид энэ өдрүүдэд нийт таван насны ангилалд өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй тамирчид тус тусдаа насны ангиллаар өрсөлдөх юм. Манай улсаас ерөнхий боловсролын 42 дугаар сургууль, XI сургууль, "Арвис", "Оюунлаг", "Уудам Монгол", "Шинэ Монгол Харүмафүжи", "Гүн-Галуутай" цогцолбор сургуулиуд болон Багануур дүүргээс оролцож байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр ОХУ-ын иргэн Дмитрий Епифанов ажиллаж байгаа бол шүүгчдийн бүрэлдэхүүнд орос, хятад, эстони, монгол 10 хүн багтсан байна. Мөн Дэлхийн Рэнжүгийн холбооны ерөнхийлөгч, Эстони улсын иргэн Мэдли Мирме Улаанбаатарт иржээ. Сонирхуулахад, тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авахын тулд Монголын ерөнхий боловсролын сургуулиудад өнгөрсөн жилээс рэнжүгийн клуб байгуулан тогтмол хичээллүүлж, хүүхэд залуус, олон нийтэд таниулан сурталчилсан юм. Тэмцээний нээлтийн гэрэл зургаас сонирхуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.