"Чингис хаан" одонг Бан Ги Мүнд хүртээхээр болжээ
Чихэнд чимэгтэй
2024-10-30
Чингис хааны мэндэлсний 862 жилийн ойг тохиолдуулан Монгол бахархлын өдрөөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд "Чингис хаан" одон хүртээхээр болсныг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ. ЕТГ-ын дарга Г.Занданшатар энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Бан Ги Мүн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа манай хоёр улсын гадаад харилцааг стратегийн түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол улсад 2009 онд албан ёсоор айлчлахдаа олон талын хэлэлцээг хийж, харилцааг үлэмж ахиулсан. Далайд гарцгүй орнуудын төвийг Улаанбаатар хотод байгуулж, Монголын энхийг сахиулагчдын нэр хүндийг олон улсад өргөж, идэвхтэй тууштай оролцоход ихээхэн дэмжлэг үзүүлсэн" гээд "Манай аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болох НҮБ-аас олон зуун сая долларын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр батлуулсан хүн бол Бан Ги Мүн. Ганцхан жишээ дурдахад, НҮБ-ын "Ногоон хөгжлийн сан"-гаас 470 сая доллар, "Дэлхийн ногоон хөгжлийн институц"-ээс 100 гаруй сая долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг олгоход тэр хүн ард нь байсан. Дэлхий нийтэд гэвэл, байгаль орчин, хүний эрх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр манлайлан ажиллаж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан олон арга хэмжээг санаачилсан юм. Дэлхийн бүх улс орнуудын чанд дагаж мөрддөг "Парисын хэлэлцээр", "Тогтвортой хөгжлийн зорилт"-уудыг санаачлан хэрэгжүүлж байгаа гол хүн нь" гэжээ. Бан Ги Мүн нь энэ одонг хүртэж буй 18 дахь хүн, хоёр дахь гадаад хүн болж байна. Манай улс анх 2005 онд Монгол улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол хүн эсхүл дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан гадаадын иргэнд "Чингис хаан" тэргүүн зэргийн одонгоор шагнаж алдаршуулахаар тогтсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.