Казахстан улс Монголд хиймэл дагуул хөгжүүлэхэд тусална
Чихэнд чимэгтэй
2024-10-30
Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрөгч хоёр өдөр Монголд айлчлахдаа Стратегийн түншлэлийн гэрээ байгуулснаас гадна олон салбарт хамтран ажиллахаар тохирсны нэг нь мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбар юм. Энэ хүрээнд, дэлхийг алсын зайнаас тандан судлах хиймэл дагуулын систем хөгжүүлж, бүтээхэд хөрөнгө оруулах гэрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Казахстаны Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрлэлийн сайд Жаслан Мадиев нар гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл, Казахстан улс Монголыг хиймэл дагуул хөгжүүлэхэд туслахаар болов. Ж.Мадиевын хэлснээр, хоёр талын хиймэл дагуул бие даасан удирдлагатай байх бөгөөд Монгол, Казахстан улсуудыг байгалийн нөөц, хөдөө аж ахуйн хөгжлийн мониторингийн өгөгдлөөр хангах аж. Мөн тэрбээр Казахстан улс дотооддоо үйлдвэрлэсэн хиймэл дагуулаа анх удаа гадаад оронд экспортлох гэж буй түүхэн үйл явдал болж байгааг тэмдэглэв. Алсаас тандан судлах хиймэл дагуулын төслийг монгол инженерүүдийн оролцоотойгоор Казахстаны үндэсний сансрын төвд хэрэгжүүлэх юм байна. Улмаар төслийн бүхий л үе шатанд монгол мэргэжилтнүүдийг сургаж, мэдлэг туршлагаа хуваалцахаар болжээ. Сонирхуулахад, тус улсад дэлхийн хамгийн том сансрын нислэгийн буудал "Байконур" байдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.