Монголын сэргээн засварлагчид АНУ-д суралцана
Чихэнд чимэгтэй
2024-10-21
Байгалийн түүхийн музейн сэргээн засварлагч Б.Батболд, Т.Цолмонбаатар нар АНУ-ын Лос-Анжелес хотын Үндэсний түүхийн музейд мэргэжил дээшлүүлэхээр болжээ. Тэд палеонтологийн олдворыг олон улсын стандарын дагуу цэвэрлэх, хадгалах, үзэсгэлэнд бэлтгэх сургалтад 21 хоног хамрагдах бөгөөд Монголын динозавр судлалын хүрээлэнгийн тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу өнгөрөгч бямба гарагт тус улсыг зорьсон байна. Монгол мэргэжилтнүүд тэнд сургалтаа амжилттай дүүргэсэн тохиолдолд жил болгон уг тэтгэлэгт хамрагдах боломжтойг хүрээлэнгээс мэдэгджээ. Палеонтологич М.Болорцэцэгийн үүсгэн байгуулсан тус хүрээлэн 2008 оноос салбарын судлаач, сэргээн засварлагчдыг АНУ-ын музейнүүдэд туршлага судлах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжин олон улсаас хандив тусламж үзүүлдэг байна. Энэ удаагийн хөтөлбөрийг Лос Анжелес хотын Үндэсний түүхийн музей болон Монголын динозавр судлалын хүрээлэнгийн байнгын хандивлагч Грэтчэн Августин санхүүжүүлжээ. Мөн сэргээн засварлагчидтай хамт Динозавр судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Т.Ундрахсайхан музейн менежмент, боловсрол, олон нийтийн хөтөлбөрийн чиглэлээр туршлага судалж байна. Тэрбээр энэ чиглэлээр өмнө нь АНУ-д гурван удаа очиж ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.