images

Булангийн орнуудад монгол малын мах зарагдаж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-15


   Кувейт, Иордан, Катар улсын томоохон сүлжээ дэлгүүрүүдээр монгол хонины мах худалдаалж эхэллээ. Энэ талаар Монгол улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд манай улс Булангийн орнууд, тэр дундаа дээрх улсуудтай худалдааны чиглэлд 2022 оноос хойш идэвхтэй хамтарч ажилласны дүнд мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрдсэний үр дүн энэ аж. Кувейт улсын “United Universal Meat Trading & Food stuff” компани шинэ хонины сэврээсэн махны анхны дээжийг энэ сарын 15-ны өдөр хүлээн авч, тус улсын Carrefour, Monoprix гэх томоохон сүлжээ хүнсний дэлгүүрүүдээр худалдаалах юм байна. Манай улс нь урьд өмнө бусад улс орнууд руу зөвхөн хөлдөөсөн мах экспортолдог байсан бол ийнхүү анх удаагаа нарийн технологиор бэлтгэж, сэврээсэн хонины шинэ халал махыг  Булангийн орнууд руу экспортолж буй нь энэ. Монголын талаас цаашид долоо хоногт 30-100 тонн хонины сэврээсэн мах тогтмол экспортлохоор төлөвлөсөн бөгөөд импортлогч тал мөн үхэр, тэмээны мах болон дайвар бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Монголын ААН-үүдийн хувьд тогтмол махаа экспортолсноор жилд 30-40 сая ам.доллар, цаашлаад бэлтгэл нийлүүлэлтийн хүчин чадал зэргээс шалтгаалан хангалттай хэмжээгээр өсөх боломжтой аж. Түүнчлэн махаа онгоцоор тээвэрлээд буцахдаа Булангийн орнуудаас жимс, жимсгэнэ тээвэрлэх боломжтой бөгөөд экспортлогч, импортлогч талууд харилцан тохиролцсон тохиолдолд Кувейт улсад суугаа Монголын элчин сайдын яамнаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжтой гэнэ. Манай улс Булангийн орнуудад малын мах экспортлохын тулд өнгөрөгч тавдугаар сард халал бүтээгдэхүүний гэрчилгээ авсан юм. Булангийн орнууд махны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог бөгөөд Кувейт улсын махны хэрэглээний зардал 2026 он гэхэд одоо байгаа 2.1 тэрбум ам.доллароос 2.4 тэрбум болтлоо өсөх төлөвтэй байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.