Харвардын оюутан Монголд ямар дадлага хийв?
Чихэнд чимэгтэй
2024-10-10
Харвардын их сургууль вэб сайтдаа Кеннедийн сургуулийн магистрын ангийн оюутан Ассыфа Сзами Илман, Луанна Жян нартай зуны амралтаараа Монголд дадлага хийсэн тухай нь ярилцжээ. Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого”-д судлаачаар ажиллах дадлага хийж, Монголын эрчим хүч боловсруулах чадлыг нэмэгдүүлэх төсөл дээр төвлөрөн ажилласан байна. Энэ тухай А.Илман “Монгол улс 2030 он гэхэд эрчим хүчээ хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байна. Гэвч одоогоор Хятад, Оросоос эрчим хүч экспортоор авдаг, ЗХУ-ын үеийн цахилгаан станцууд нь хуучирсан байдалтай байна. Тиймээс эрчим хүчийг өндөр үнээр авдаг. Харин шинээр бүрэлдсэн Засгийн газар эрчим хүчний чадлаа сайжруулах арга замыг эрэлхийлж байна” гэжээ. Харин тэдний судалгаа санхүүгийн боломжийг тодорхойлохоос эхэлсэн байна. Гэвч тэдэнд ихэнх сайд, төрийн байгууллагууд эрчим хүчний хямралыг шийдвэрлэхэд ижил санаа бодолтой байгаа ч өөр өөр хандлагатай байсан нь хамтын ажиллагааны нэгэн том сорилт болсон аж. Өөрөөр хэлбэл, тэд эрх баригчид нэг нь нөгөөгийнхөө саналыг үгүйсгэн зөрчилддөг нь ажил урагшладаггүйн шалтгаан болж байгааг анзаарчээ. Мөн Монголын нүүдэлчин соёлыг таньж, уламжлалт гэрт орж, монгол хоол идэх зэргээр дурсамжтай зуныг өнгөрөөснөө ч хуваалцсан байна. А.Илман дадлагаа дуусгаад буцахын өмнө гадаад пасспортоо гээсэн ч орчуулагч нь цахим орчинд зар тавьснаар олон хүнд хүрч олдсонд талархаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Индонезийн иргэн бөгөөд Монголд тус улсын Элчин сайдын яам нь байдаггүй.
Харвардын Кеннедийн сургуулийн оюутнууд зуны амралтаараа дэлхийн өнцөг булан бүрт бодлого тодорхойлох ажилд оролцож, мэргэжлийн сектортоо ажиллан шинэ сорилтой нүүр тулж мэдлэг, ур чадвар, ойлголтоо нэмэгдүүлдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.