images

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад МУИС түүхэндээ хамгийн өндөр байр эзлэв

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-10-09


   Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэл тогтоодог THE (Times Higher Education) жагсаалтад манай улсаас Монгол Улсын Их Сургууль анх удаа 1501дүгээр байрт орж иржээ. 2004 оноос хойш тогтмол гаргаж ирсэн уг жагсаалтад энэ жил дэлхийн 115 улсын 2092 их сургуулийг эрэмбэлжээ. Багшлалт, судалгааны орчин, судалгааны чанар, гадаад харилцаа зэрэг гол таван үзүүлэлтээр, нарийн боловсруулсан 18 шалгуурын дагуу энэ жагсаалтыг гаргахдаа 157 сая эшлэл, 18 сая судалгааны нийтлэлийг ашиглаж орон орны 93 мянган эрдэмтний саналыг авсан байна. МУИС бүтэн цагийн оюутан 16017, нэг багшид ногдох оюутны тоо 20.1, гадаадад суралцаж буй оюутан нь нийт оюутны 2%, оюутнуудын хүйсийн харьцаа 61:39 гэсэн үндсэн үзүүлэлтээр 1501+ гэсэн байрт оржээ.

   Жагсаалтыг Английн Оксфордын их сургууль 9 дэх жилдээ тэргүүлсэн бол АНУ-ын Массачусетсийн технологийн их сургууль, Харвард, Принстон, Кэмбриж, Стэнфордын их сургууль, Калифорнийн технологийн их сургууль, Бэрклийн их сургууль, Лондоны Эзэн хааны коллеж удаалсан байна. Сонирхолтой нь, Хятадын их сургуулиудын байр жагсаалтад нэлээд урагшилж шилдэг 10-т дөхсөн бөгөөд "Цинхуа" их сургууль 12, Бээжингийн их сургууль 13-т жагсчээ. Азиас эхний 50-д Сингапурын их сургууль 17, Токиогийн их сургууль 28, Сингапурын Наньяны технологийн их сургууль 30, Хонконгийн их сургууль 35, Хятадын Фуданы их сургууль 36, Хонконгийн Дундадын их сургууль 44, Жөжяны их сургууль 47-д бичигдсэн байна. Шилдэг 200-д Бразил, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмиратын их сургуулиуд анх удаа орж ирсэн нь мөн анхаарал татаж байгаа юм.  

Гэрэл зургийн эх сурвалж: wikipedia.org

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.