Хонконг: Сонсголын мэс засалд үнэ төлбөргүй орсон монгол хүү эдгэрээд нутаг буцжээ
Чихэнд чимэгтэй
2024-10-04
Хонконгийн "Матильда" олон улсын эмнэлэгт сонсголын мэс засалд орсон монгол хүү эдгэрээд нутаг буцсаныг тус хотод суугаа Монгол улсын консулын газраас мэдээллээ. Хүүг өнгөрөгч есдүгээр сард эмнэлэгт хүлээн авч, мэс заслын эмчилгээ хийн соронзон аппарат суулгасан байна. Улмаар сонсголын чадвар нь сайжирсан тул хүүг эмнэлэгтээ долоо хоног хяналтад байлгаад нутаг буцаажээ. Хүүд суулгасан төхөөрөмж нь гадаад орчны дуу чимээг илүү тогтвортойгоор чихэнд дамжуулах үйл явцыг дэмждэг бөгөөд сонсголыг мэдэгдэхүйц сайжруулдаг байна. "Матильда" эмнэлэг нь "Матильда" хүүхдийн сангийн санхүүжилтээр монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үзүүлэх чиглэлээр өнгөрсөн 2023 оны есдүгээр сард Монголын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Мөн энэ оны наймдугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй санамж бичиг байгуулж, монгол хүүхдүүдэд нарийн мэргэжлийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр үргэлжлүүлэн хийхээр болсон юм. Энэ эмнэлэг нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ортопед, нуруу, чих хамар хоолой, ерөнхий мэс засал гэх зэрэг үндсэн чиглэлээр мэргэшсэн ашгийн бус хувийн байгууллага ажээ. Харин "Матильда" сан нь эмчлүүлэхэд хүндрэлтэй, өндөр зардалтай, ховор, нарийн мэргэжлийн эмчилгээ, хагалгаа хийх онош тогтоогдсон хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бөгөөд 2003 онд байгуулагдсан цагаасаа хойш Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн 65 хүүхдийг 92 хагалгаанд оруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.