Япон улсаас Монголд үзүүлэх ээлжит тусламж юу вэ?
Чихэнд чимэгтэй
2024-10-04
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Төмөр замын ачаа тээврийг сайжруулах”, “Чингис хаан" үндэсний музейд сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Дээрх төслүүдийн солилцох ноот бичигт Сангийн сайд Б.Жавхлан, Монгол улсад суугаа Японы Элчин сайд Масарү Игавахара нар өчигдөр гарын үсэг зурав. “Төмөр замын ачаа тээврийг сайжруулах” төслийн хүрээнд нэг тэрбум 560 сая иенийн хөрөнгөөр Замын-Үүд боомтын шилжүүлэн ачих хоёрдугаар байгууламжид ачаа зөөх тавцанг нэмж бариад контейнер өргөгч зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм байна. Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн төмөр замын огцом эргэлт бүхий хэсгүүдэд төмөр замын дэрний бэхэлгээ хийх ажээ. Ингэснээр төмөр замын шилжүүлэн ачих хүчин чадал нэмэгдэж, ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдал сайжирна. Харин “Чингис хаан" музейд сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг 97.5 сая иенийн соёлын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд музейн үзвэрийг хүртээмжтэй хүргэхэд зориулсан тоног төхөөрөмж нийлүүлэхээр тогтжээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цахилгаан хөдөлгүүртэй тэргэнцэр, брайль үсгийн хэвлэгч машин, зайн сургалтад зориулсан 360 градус эргэдэг, шууд дамжуулах болон 3D камерын багц, VR төхөөрөмж олгох юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.