Туркийн газар хөдлөлтөд үүрэг гүйцэтгэсэн "Балу" албаны нохдын тэмцээнээс хүрэл медаль хүртэв
Чихэнд чимэгтэй
2024-10-04
Төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 22 эрэлч нохой оролцсон “Албаны нохой-2024" тэмцээний шилдгүүдийг өчигдөр тодрууллаа. Гаалийн ерөнхий газрын Эрэлч нохойн сургалтын төвд болсон тус тэмцээний нийлбэр дүнгээр цагдаа, дотоодын цэргийн эрэлч ноход тэргүүн байр, Гаалийн ерөнхий газрын ноход дэд байр эзэлсэн бол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын эрэлч ноход гуравдугаар байранд шалгарчээ. Онцгой байдлын байгууллагыг төлөөлөн дэслэгч Б.Баярдаваа, Л.Бат-Эрдэнэ нар "Балу", "Алдо" дуудлагатай албаны нохойн хамтаар оролцсон байна. Онцгой байдлын газрын эрэлч нохойн албаныхан 2019, 2023 оны тэмцээнд тусгай байр эзэлж байжээ. Сонирхуулахад, "Балу" нь "Марта" дуудлагатай албаны нохойн хамтаар өнгөрсөн онд Туркийн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн голомтод очиж үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайн үед Монголын 33 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг Туркийг зорьж байсан юм. Уг хоёр нохой 2023 онд 100 орчим дуудлагаар, гамшиг осолд өртсөн 120 гаруй иргэний байршлыг илрүүлсэн байна. Эрэлч нохойн албанд сургасан ноход нь эрэн хайх, аврах, тэсэрч дэлбэрэх бодис, хориотой бараа материал илрүүлэх ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.