“Ерөнхийлөгчийн илгээлт” тэтгэлэгт шинээр 338 сурагч шалгарчээ
Чихэнд чимэгтэй
2024-10-02
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн 338 сурагчийн нэрийг Ерөнхийлөгчийн тамгын газраас өчигдөр зарлалаа. Тэдгээр суралцагчид нь одоо төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлд хамрагдана. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт суралцах юм. Ингээд бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгддэг байна. Үүнээс өмнө 245 оюутан өнгөрөгч наймдугаар сарын 28-нд дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцахаар явсан билээ. Тэд МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө хамрагдаад АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц, Унгар, Чех, Польш, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австри, Вьетнам, Куба, Казахстаны их, дээд сургуулийг зорьсон юм. Боловсролын үнэлгээний төв, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан хүний оролцоогүйгээр Монгол орны 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулан жагсаалт гаргадаг ажээ. Улмаар нийслэл болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/1289 тоот албан бичгийг үндэслэн нэрсийг олон нийтэд мэдээлдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.