Прага хотын амьтны хүрээлэн тахийн удмын сангийн бүртгэлийг 65 жил хөтөлжээ
Чихэнд чимэгтэй
2024-10-01
Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн 93 жилийн ойн баяраа өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэжээ. Энэ жил баяраа Тахь хамгаалах олон улсын анхдугаар симпозиумын 65 жилийн ойд зориулан тэмдэглэсэн юм. Иймд тус улсад суугаа Монголын Элчин сайд Д.Гансүхийг урьснаас гадна өнгөрөгч гуравдугаар сард Прагийн амьтны хүрээлэнд нээсэн “Говь” үзвэрийн дэргэд арга хэмжээгээ зохион байгуулжээ. Мөн монгол гэрт анхдугаар симпозиум болон 1959 оноос хойш хөтөлж буй тахийн удмын сангийн бүртгэлийн талаарх гэрэл зураг, мэдээллээр үзэсгэлэн гаргасан байна. Монголд бүрэн устсан тахийг анх Чехийн амьтны хүрээлэнгээс авчирсан нь өдгөө Хустайн нуруу зэрэг хэд хэдэн газар үржээд байгаа билээ. 2011-2019 онд 34 тахийг Прагаас найман удаа тээвэрлэн Говийн дархан цаазат газрын Б хэсэгт нутагшуулсан нь одоо 150 орчим болоод байна. Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг үүгээр зогсоолгүй Нөмрөгийн дархан цаазат газрын орчим Сүмийн хоолойд сэлгэн нутагшуулах төслийг эхлүүлээд байгаа юм. Тиймээс Прагийн амьтны хүрээлэн үзэгчдэд худалдсан тасалбар бүрээсээ 8 кроныг “Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах” төслийг санхүүжүүлэхэд зарцуулдаг байна. Энэ төслийн үр дүнд Монгол улс Хустайн нуруу, Хомын тал, Тахийн талд 760 орчим тахьтай болсон бол өнгөрөгч зургаадугаар сард Казахстан улс анх удаа Алтан тал хэмээх газар тахь сэргээн нутагшуулахаар аваачсан юм. Харин Монгол орны зүүн зах болох Нөмрөгийн талын 1700 км/кв нутагт 2026 оны зун тахь авчрах тов гарчээ. Сонирхуулахад, өнгөрөгч сард Прагийн амьтны хүрээлэнгээр үйлчлүүлсэн энэ оны сая дахь үзэгчид нь хоёр хүүхэдтэй гэр бүл болсон байна. Энэ нь 2024 оны эхний есөн сарын байдлаар “Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах” төсөлд 8 сая крон цугласан гэсэн үг билээ.
Прага хотын амьтны хүрээлэнгийн 93 жилийн ойгоор монгол гэрт тахийн гэрэл зураг, удмын сангийн мэдээллийн үзэсгэлэн гаргасан нь.
Нүүр зургийг Прага хотын амьтны хүрээлэнгийн архиваас, 1959 он.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.