“Дуртмал сайхан” уртын дууны уралдаанд С.Төрболд түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2024-09-25
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, ХХ зууны алдарт уртын дуучин Жигзавын Дорждагвын мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд “Дуртмал сайхан” уртын дууны улсын уралдаан энэ сарын 21-23-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Чансаа өндөр энэхүү уралдаанд 130 гаруй уртын дуучин мэргэжлийн болон ардын авьяастан, өсвөрийн гэсэн гурван төрлөөр өрсөлджээ. Мөн уралдаанд оролцогчид Сүхбаатарын талбайд Чингис хааны хөшөөний өмнө уртын дуугаа эгшиглүүлж, уухайн түрлэг өргөсөн байна. Уралдааны "Гран-При" шагналтнаар “Цагаан лавай” чуулгын уртын дуучин С.Төрболд шалгарч, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит 20 сая төгрөгийн шагналыг хүртлээ. Үүнээс мэргэжлийн дуучдаас Улсын филармонийн Морин хуурын чуулгын уртын дуучин Б.Мөнхбаатар, ардын авьяастан өвлөн уламжлагчдаас Архангай аймгаас оролцогч Д.Алтаншагай, өсвөрийн дуучдаас Улаанбаатар хотоос оролцогч Ц.Анужин тус тус тэргүүн байранд шалгарсан байна. Сонирхуулахад, "Гран-При" шагналтны харьяалагддаг "Цагаан лавай" чуулга нь мэргэжлийн урлагийн 50 гаруй уран бүтээлчидтэйгээр Монголын үндэсний урлаг, өв соёлын уран бүтээл туурвиж, жилийн дөрвөн улиралд тогтмол соёл урлагийн үйлчилгээ зохион байгуулдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.