Уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит уралдаан бямба гарагт эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2024-09-18
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, ХХ зууны алдарт уртын дуучин Жигзавын Дорждагвын мэндэлсний 120 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд түүний нэрэмжит уртын дууны улсын уралдааныг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Уралдааныг "Ж.Дорждагва" сан Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах ажээ. Иймд "Гран-При" шагналтанд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал буюу 20 сая төгрөг олгохоор болсон байна. Уралдаанаар гурван зэрэглэлийн шилдгүүдийг тодруулах бөгөөд А зэрэглэлд мэргэжлийн дуучид, мэргэжлийн сургуулийн III, IV дамжааны оюутнууд өрсөлдөх бол Б зэрэглэлд ардын авьяастан, мэргэжлийн сургуулийн нэг, хоёрдугаар түвшний оюутнууд өрсөлдөх ажээ. Харин В зэрэглэлд өсвөрийн уртын дуучид буюу 17 хүртэлх насны дуучид өрсөлдөж, тус тусын ялагч нь "Ж.Дорждагва" сангийн нэрэмжит тусгай шагнал хүртэнэ. Мөн энэ уралдаанаар Уртын дууны холбооны нэрэмжит шагналтан болон шилдэг хөгжимчнийг шалгаруулах юм байна. Ж.Дорждагвын аав Жигзав нь нутаг орондоо нэртэй уртын дууч, морин хуурч, лимбэчин байсан бол Ж.Дорждагва нь амьдралынхаа 50 жилийг дуу хөгжимд зориулан Улсын төв театр, Ардын дуурь бүжгийн чуулган, Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, дуучнаар ажиллаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.