Индонези: Галт тэргэн дотор бэлгийн дарамт үзүүлсэн этгээдийг дахин зорчихийг хориглоно
Анд нөхдийн мэдээ
2024-09-12
Индонезийн төмөр замын компани галт тэрэг, метрон дотор бэлгийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг цаашид суулгахыг хориглох шийдвэр гаргажээ. "CNN Indonesia" агентлагийн мэдээлснээр, тус улсын төрийн өмчит төмөр замын KCI компани одооноос эхлэн галт тэргэн дотор бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд үйлчлэхгүй байхаар болсноо мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэр нь олон хүн цугларсан нийтийн унаан дотор бэлгийн дарамт үзүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ. Тус галт тэрэг нь 32 сая хүн амьдардаг нийслэл Жакарта болон ойролцоох Жабодетабек хотын хооронд зорчдог, өдөрт 1.1 сая хүн үйлчлүүлдэг бөгөөд сүүлийн үед галт тэргэн дотор бэлгийн дарамт үзүүлэх гэмт хэрэг нэлээд гарах болсон тул ийм арга хэмжээ авах болсноо мэдэгджээ. KCI компаниас өгсөн мэдээллээр энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл галт тэрэгний гомдол хүлээн авах албанд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 30 гаруй дуудлага мэдээлэл иржээ. Ихэнхдээ эмэгтэйчүүдийн биеийн ил задгай хэсэгт зориуд хүрэх, нууцаар гар утсаараа бичлэг хийх зэрэг гомдол бүртгэгдэж, хуулийн байгууллага зохих шийтгэл ногдуулсан байна. Тус компани одоогийн байдлаар 82 станцад 762 хяналтын камер суурилуулаад байгаа бөгөөд үүгээр дамжуулан гэмт этгээдийн нүүр царайг таньж, хэрвээ гэмт этгээд дахин тээврийн хэрэгслээр зорчихыг оролдвол түүнийг суулгахгүй байх систем нэвтрүүлжээ. Мөн цаашид зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тасалгааны тоог нэмэгдүүлэх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.