images

Тамаваши Б.Мөнх-Оргил түүхэн амжилтын эзэн болов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-11


   Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд буюу макүүчи зиндааны маэгашира цолтой бөх Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр түүхэн барилдаан хийлээ. 1984 онд төрсөн, ирэх 11 дүгээр сард 40 нас хүрэх гэж байгаа түүний хувьд энэ барилдаан мэргэжлийн сүмо дахь 1631 дэх барилдаан нь юм. Харин энэ нь яагаад амжилт болов гэвэл тэрбээр сүмод хөл тавьсан цагаасаа хойш нэг ч башё, нэг ч барилдаан алгасалгүй дараалан хамгийн олон барилдсан бөх болж байгаагийнх юм. Тэрбээр түүхэн барилдааныхаа өдөр Японы Кагаяакигаар давсан нь мөн нэгэн баяр болж тэдний барилдааныг үзэн Рёгокү Кокүгикан ордонд суусан үзэгчид түүнд нижгэр алга ташив. Б.Мөнх-Оргил 2004 онд сүмо барилдаж эхлээд ердөө дөрвөн жилийн дараа макүүчи зиндаанд орсон билээ. Түүний авч байсан хамгийн өндөр цол нь сэкивакэ юм. Мөн түүнийг япончууд “Төмөр хүн” гэж хочилдог. Учир нь, нэг ч барилдаан алгасалгүй 20 жил тууштай барилдахад бэртэж гэмтэхгүй байх хамгийн чухал нь аж. Тэрбээр өчигдөр “Mainichi” сонинд өгсөн ярилцлагадаа “Яг л аварга болж байгаа шиг санагдаж байна. Үнэхээр сайхан байна” гэжээ. Мөн “Намайг дэмждэг маш олон хүний ачаар энэ амжилтад хүрсэн учраас тэдэнд талархъя” гэв. Түүнчлэн 39 нас гэдэг сүмод хөгшдөх ч гэлээ шүтэн бишрэгчдэдээ үзэх дуртай сүмог нь харуулж, хийж байгаагаа үргэлжлүүлсээр байх болно гэдгээ ч тэр хэлсэн юм. Түүний тогтоосон амжилт цаашид улам өсөх нь тодорхой. Энэ амжилтыг өмнө нь тасралтгүй 1630 удаа барилдаж 1986 онд зодог тайлсан Японы бөх Аобажо эзэмшдэг байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.