Их Британи: Дэлхийд хамгийн ховордсон шувууны дэгдээхэй үзэгджээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-10
Дэлхийн хамгийн ховордсон шувуу гэгддэг кассуар (Cassowary) шувууны дэгдээхэй Британийн Буртон-на-Уатер хотын цэцэрлэгт хүрээлэнд гэнэт үзэгдсэн тухай BBC агентлаг мэдээлэв. Энэ нь 2021 оноос хойш Их Британид төрсөн анхны дэгдээхэй юм. Кассуар шувуу нь устаж үгүй болох аюулд орсон төрөл зүйлийн ангилалд 1992 онд багтсан маш ховордсон шувуу бөгөөд зэрлэг байгальд 4000 орчим үлдсэн байдаг ажээ. Нөгөө талаар энэ шувуу нь дэлхийн хамгийн аюултай шувуу гэдгээрээ алдартай. Кассуар нь үржлийн өвөрмөц онцлогтой тул гаршуулан тэжээж үржүүлэхэд маш хэцүү гэж үздэг. Энэ шувууны биеийн өндөр нь 1.8-2 метр, эмэгчин нь 70 кг, эрэгчин нь 55 кг жинтэй, тэмээн хяруулын дараа хоёрдугаарт ордог ажээ. Мөн хөл нь гурван хурц хумстай, сарвуу нь 12 см урт, хурц үзүүртэй байдаг гэнэ. Аюултай гэдгийн учир нь уг шувуу хүний амь насанд халдаж байсан тохиолдол ч байдаг. 2019 онд АНУ-ын Флорида мужид хэд хэдэн кассуар шувуу тэжээдэг байсан хүн шувуугаа хооллож байтал гэнэт түүн рүү дайрч хүнд гэмтээснээр газар дээрээ нас барж байжээ. Флорида мужид уг шувууг “Хүмүүст аюул учруулдаг хоёрдугаар түвшний зэрлэг амьтан”-ы ангилалд оруулдаг бөгөөд матар, цоохор ирвэс зэрэг амьтад энэ ангилалд багтдаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.