images

Казахстан: Дэлхийн нүүдэлчдийн их наадамд 100 монгол хүн оролцож байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-09


  Казахстан улсын Астана хотноо өчигдөр эхэлсэн Дэлхийн нүүдэлчдийн V их наадамд Монгол улсаас 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөл оролцож байна. Наадмын нээлтийн ёслолд Монгол улсын тугийг бүстэй барилдааны дэлхийн аварга, улсын заан Д.Анар барьж жагсчээ. Хоёр жил тутам болдог уг наадамд тамирчид нүүдэлчдийн соёлтой улсуудын уламжлал, ахуйгаас гаралтай тоглоомоор өрсөлддөг. Тухайлбал, тулам булаалдах, зоос шүүрэх, морьт барилдаан, уламжлалт сурын харваа, морьт сурын харваа, кураш бөх, казах кураш бөх, алыш бөх, модон барилдаан, шагайн харваа, оюун ухааны спорт, есөн хоргол наадгай, ширээний тоглоом наадгай, уламжлалт тоглоомууд энэ тэмцээний төрөлд багтдаг. Манай тамирчид энэ удаа бөх барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг 15 төрөлд өрсөлдөж байгаа юм. Наадмын эхний өдөр Монголын багийн медалийн салхийг хагалж морьт харвааны товер трак буюу цамхаг намнаа Т110 төрөлд Н.Алтанхуяг мөнгөн медалийн болзол хангав. Мөн морьт барилдааны төрөлд М.Наурызбек хүрэл медаль хүртсэн бол Е.Өмиртай мөн энэ төрлийн 70 кг жинд хүрэл медаль хүртжээ.

   Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар наадам 2014 онд Киргизстан улсад болж байсан бол 2016 онд АНЭУ, 2018 онд Киргизстан, 2022 Турк улсад зохион байгуулагджээ. Монголчууд энэ наадмаас 2014 онд долоон медаль, 2016 онд тав, 2018 онд 24, 2022 онд 10 медаль хүртэж байв. 

 

Монгол тамирчид нээлтийн ёслолд алхаж буй нь.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.