Хятад: Сарны хиймэл шороогоор үйлдвэрлэсэн тоосгоор саран дээр судалгааны бааз байгуулна
Анд нөхдийн мэдээ
2024-09-09
Хятад улс сарны хиймэл шороогоор хийсэн тоосгыг сарны судалгааны бааз байгуулахад ашиглаж болох эсэх туршилт хийхээр болжээ. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үндэсний дижитал барилгын технологийн инновацийн төвийн захирал Дин Лиеюн тус улсын төв телевизээр шууд дамжуулсан арга хэмжээн дээр хэлэхдээ “Сарны хөрстэй бараг ижил найрлагатай хиймэл шороо ашиглаж хийсэн тоосгыг ирэх сард ачаа тээврийн “Tianzhou-8” хөлгөөр сансрын станцад хүргэнэ” гэж мэдэгдсэн байна. Энэ тоосго сарны цаг уурын эрс тэс орчныг тэсвэрлэх чадвартай эсэх, цацраг туяа, температурын өөрчлөлтийн үед хэвийн байж чадах эсэх, цаашлаад сарны судалгааны бааз байгуулахад ашиглаж болох эсэхийг ирэх гурван жилд туршиж үзэх ажээ. Тоосгоны чанарын талаар тэрбээр өгүүлэхдээ "Бид эдгээр тоосгыг 100 мегапаскаль хүртэл температурт шатаасан бөгөөд энэ нь бетоноос хамаагүй бат бэх болсон” гэжээ. Энгийн шавар тоосгоны бат бэх чанар нь ихэнхдээ 10-20 мегапаскаль байдаг бол тусгай байгууламжид ашигладаг өндөр чанарын тоосгоных 50 мегапаскаль хүрдэг байна. Тус улс 2035 он гэхэд сарны өмнөд туйлын ойролцоо Олон улсын сарны судалгааны станц (ILRS) байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг төсөлд 10 гаруй улс оролцож байгаа юм. Нөгөө талаар сарны гадаргуу дээр бааз байгуулахад усны хомсдол, таталцлын хүч, сарны байнгын чичирхийлэл зэрэг олон бэрхшээлийг даван туулах шаардлагатай байгааг онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.