Дугуйчин С.Жамбалжамц Хайнань арлын уралдаанд 10 дугаар байр эзэллээ
Чихэнд чимэгтэй
2024-09-02
Хятадын Хайнань мужид болдог “Tour of Hainan Island” 15 дахь удаагийн дугуйн уралдаанд дугуйчин С.Жамбалжамц оролцлоо. Тэрбээр өнгөрсөн онд нэг жилийн гэрээ байгуулж элссэн Испанийн мэргэжлийн дугуйчдын "Burgos BH” багийнхаа бүрэлдэхүүнд энэ тэмцээнд хурд сорьжээ. Уралдаан наймдугаар сарын 27-31-ний хооронд таван үе шаттай болж өндөрлөсөн. Дэлхийн 32 орноос очсон 150 гаруй шилдэг тамирчин нийт 810.5 км замыг туулахдаа Чанжян, Линшүи, Санья зэрэг далайн эргийн 11 үзэсгэлэнт газрыг дайран өнгөрсөн байна. Манай тамирчин Парисын Олимпын наадмын засмал замын бөөн гараатай уралдаанд 57 дугаар байр эзэлсэн юм. Мөн тэрбээр Ханжөүгийн Азийн наадмын хүрэл медальт тамирчин билээ. Энэ удаагийн тэмцээнд С.Жамбалжамц эхний гараандаа 42, хоёрдугаар шатанд 39, гуравдугаар шатанд зургаа, дөрөв дэх гараандаа 24, тавдугаар шатанд 11 дүгээр байрт оржээ. Харин Монгол улсаас энэ тэмцээнд Б.Наранхүү, Э.Билгүүнжаргал, Х.Тэмүүлэн болон манай шигшээ багт уралддаг Эстонийн тамирчид хүч сорьсон бөгөөд Мартин Лаас эхний гараандаа гуравдугаар байр эзэлж, хоёрдугаар гараандаа түрүүлсэн юм. Тэгвэл манай шигшээ багийн шилдэг тамирчдын нэг Михкэл Райм тавдугаар гараанд 19 дүгээрт оржээ. Түүнчлэн манай улсаас Б.Тэгшбаяр Тайландын “Roojai Insurance” багт уралдсан байна. Тэмцээний нийлбэр дүнгээр Испанийн "Burgos BH" багийн тамирчин Аарон Гэйт алтан медалийн эзэн болсон бол С.Жамбалжамц аравдугаарт оржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.