Хөвсгөл нууранд живсэн машин, техникүүдийг татан гаргаж дуусчээ
Чихэнд чимэгтэй
2024-08-30
Сүүлийн дөрвөн жил үргэлжилсэн Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагаа амжилттай өндөрлөсөн талаар Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ. Хөвсгөл нууранд живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах санаачлагыг У.Хүрэлсүх 2017 онд ерөнхий сайд байхдаа гарган, ажлыг нь эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штабын томилгоот бүрэлдэхүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Геомастер” компанийн 120 гаруй хүнээс бүрдсэн ажлын хэсэг Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргажээ. Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийлж чадсан байна. Хэрэв аюултай хог хаягдал асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрнийг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг ч бохирдуулах байжээ. Мөн загас, жараахай болон усны бичил организмын 50 хувь үхэж, Хөвсгөл нуурын экостистемд үлэмж хохирол учруулах эрсдэлтэй байсныг эрдэмтэд тогтоосон байна.
Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг, 500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг нуур юм. Мөн манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг бөгөөд ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.