images

Монгол сурагч Хойд туйлд хүрчээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-29


   ОХУ-ын төрийн мэдлийн “Росатом” цөмийн корпорацаас тав дахь удаагаа зохион байгуулсан шинжлэх ухаан, боловсролын “Ледокол Знаний” экспедиц “50 лет победы” мөс зүсэгч цөмийн хөлөг онгоцоор Хойд туйлд хүрээд эргэж ирсэн талаар Беларусийн “Belta” агентлаг уламжиллаа. ОХУ энэ арга хэмжээг өмнө нь зөвхөн дотооддоо зохиодог байсан бол энэ удаа хүрээг нь тэлэн гадаадын орнуудын дунд сургуулийн сурагчдыг оролцуулжээ. Тэдгээр шилдэг сурагчдын дунд монгол хүүхэд багтсан байна. Тэр хүү бол ОХУ-ын Г.Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн сурагч Ц.Хосбилэг ажээ. Экспедицид нийт 63 сурагч оролцсоны 10 нь “Росатом” цөмийн корпорацитай хамтран ажилладаг Монгол, Беларусь, Армен, Узбекистан, Казахстан, Киргизстан, Унгар, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын сурагчид байжээ. Хойд туйлд очихдоо тэд бүгд төрийн далбаагаа авч явсан гэнэ. 10 гаруй өдрийн аяллын явцад Оросын туйл судлал болон цөмийн салбарын алдартай эрдэмтэд сурагчдад тодорхой сэдвүүдээр лекц уншсан бол хүүхдүүд оролцсон олон улсын экспедицийн талаар хийх баримтат киноны зургийг аяллын туршид авчээ. Хүүхдүүд мөн Хойд туйлын нөхцөлд ашиглахаар бүтээсэн шинэ загварын дөрвөн дугуйтын анхны туршилтын гэрч болсон байна. Туулах чадвар өндөртэй "Рысь" хэмээх энэ дөрвөн дугуйтыг ОХУ дотооддоо үйлдвэрлэсэн бөгөөд туршилт амжилттай болжээ. Олон улсын хүүхдүүд оролцсон Хойд туйлын анхны экспедиц анх гарсан газраасаа 5000 шахам км зам туулж 9 хоногийн дараа ОХУ-ын Мурманск хотод буцаж ирсэн байна.

Хойд туйлд очсон Ц.Содбилэг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.