images

Булган: Их цагаан суварганы шүншигт Бурхан багшийн ринсрэлийг зална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-28


  Булган аймгийн Булган суманд өнөөдөр нээх Их цагаан суварганы шүншигт XIV Далай ламын илгээсэн Бурхан багшийн ховор нандин ринсрэлийг залахаар болжээ. Бурхан багшийн ринсрэл буюу үлдэс эрдэнэ оршсон газар сайн энерги түгж, нутаг нь ган зудгүй, хүн зон нь амар амгалан байдаг увидастай гэж монголчууд үзсээр ирсэн юм. Суварганы шүншигт мөн Далай ламын номын сахиус болох Балданлхам сахиус, цэрэг дайны аюулаас хамгаалах хөө хуяг, Лхам бурхны сахиусан хүрд, Бурхан багшийн алтадсан суумал дүр, Далай ламын ордонд бүтээдэг маанийн үрэл зэрэг ховор нандин зүйлсийг зална. Суваргын нээлтэд Гандантэгчэнлин хийдийн лам нар ном хурахаас гадна Монголын томоохон хутагт, хувилгаад оролцох ажээ. Богд хаант Монгол улсын төрийн зүтгэлтэн Чин ван Ханддорж одоогийн Булган аймгийн нутагт байсан Дашчойнхорлин хийдэд Монгол орны хамгийн том Их цагаан суваргыг 1904 онд бүтээлгэсэн түүхтэй. 1905 оны долоодугаар сард XIII Далай лам Монгол оронд долоон сар саатахдаа Их цагаан суваргыг биеэр аравнайлсан юм. 32 метр өндөр уг суваргыг 1937 оны Их хядлагын үед нураан сүйтгэсэн бөгөөд 2021 онд шинээр байгуулж эхлээд өнөөдөр ийнхүү нээж байна. Ингэхдээ 38 метрийн өндөртэй бүтээсэн нь Азид  хэмжээгээрээ 5-д, дэлхийд 6-д орж байгаа юм.   

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.