Х.Нямбаатар: 12 мянган айлын орон сууц барих ажил эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-08-27
Засгийн газраас зарласан “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хотын Сэлбэ дэд төвийг түшиглэн 12 мянган айлын орон сууц барих ажил эхэлснийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар зарлалаа. Хэмжээгээр III, IV хорооллын бүтээн байгуулалтаас том байх энэ төслийн явцад нийт 158 га талбайд орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, шаардлагатай бусад дэд бүтцүүдийг барьж байгуулах юм. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайд нийт 2300 гаруй нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд 0.07 га газрын төлбөрт дээд тал нь 204 сая төгрөг олгосон билээ.
Төслийн эхний шат болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 13 га талбайд хийх барилга угсралтын ажлын тендерийг юуны түрүүнд зарлаад байна. Энд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 10 блок 9 давхар орон сууц, 8 блок 5 давхар орон сууц, 2 болон 12 давхар үйлчилгээний барилгуудыг барих ажээ. Нийт хотхонд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээг бүрэн төлөвлөсөн бөгөөд зам талбайн асуудлыг ч цогцоор нь шийдэхээр тусгасан байна. Тухайлбал, цогцолбор орон сууцны нийт талбайн 60 хувь барилга байгууламж, 40 хувь нь ногоон байгууламжаас бүрдэхээр хуульчилсныг Сэлбэ дэд төвд загвар болгон хэрэгжүүлэх юм.
Цаашид нийслэлээс Баянхошуу, Шархад, Толгойт дэд төвүүдийг байгуулах бөгөөд шаардлагатай инженерийн шугам сүлжээнүүдийг хэдийнэ татжээ. Үүнээс Баянхошуу дэд төвийн ажил ид үргэлжилж, энэ ондоо багтаан 800 айлыг орон сууцанд оруулах төлөвөлгөөтэй байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.