“Урт цагаан”-ы газар дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-08-26
Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн газар дээр далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлжээ. Далд зогсоолын ажлыг энэ жилдээ багтаан гүйцэтгэх бөгөөд ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ хэмээн НЗДТГ-аас мэдээллээ. 1961 онд ашиглалтад орсон “Урт цагаан” төвийн барилгыг өнгөрөгч нэгдүгээр сард нураасан ч “Худалдан авах ажиллагааны хууль, процесс удаан учир барилгын ажлыг одоо эхлүүлж байна" хэмээн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр хэлжээ. “Хотын А зэрэглэлийн нягтаршил ихтэй бүсэд бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй тул богино хугацаанд замын хөдөлгөөн болон иргэдэд саад учруулахгүйгээр аюулгүй байдлыг ханган төслийг дуусгахаар төлөвлөж байна" хэмээн тэрбээр мөн хэлсэн байна. Гуравдугаар сард зарласан бүтээн байгуулалтын ажлын тендерт "Бодь пропертийз" ХХК шалгарсан бөгөөд талууд өнгөрсөн баасан гарагт ажлын гэрээнд гарын үсэг зуржээ.
Гэрэл зургийн эх сурвалж: ulaanbaatar.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.