Дорнод Монголын хээрийг Дэлхийн өвд бүртгүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тамгын газар болон Тусгай хамгаалалттай газрын мэргэжилтнүүд "Шувуу хамгаалах төв”-ийн судлаачдын баг, Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) шинжээч, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын төлөөлөгчидтэй өчигдөр уулзалт зохион байгууллаа. Тэд Дорнод Монголын хээрийг Дэлхийн өвд бүртгүүлэх хээрийн ажлыг эхлүүлэх, юуны түрүүнд олон улсын шинжээч, судлаачдыг орон нутагт ажиллахад бүх талаар дэмжих шаардлагатай байгаа талаар санал солилцжээ. Дорнод Монголын хээр нь өнөөг хүртэл үндсэн хэв шинжээ авч үлдсэн экосистем бөгөөд дэлхийн бусад тал хээртэй харьцуулахад нүүдэлчин соёл иргэншил олон зууны турш хэвээр үргэлжилж байгаагаараа онцлогтой. Монгол улсын Засгийн газраас 2014 онд нийт 12 газрыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр урьдчилсан жагсаалтад оруулсны нэг нь Дорнод Монголын хээр буюу Дорнод Монголын дархан цаазат газар, Тосон хулстайн БНГ, Яхь нуур, Баянцагааны тал, Жаран тогооны талын байгалийн нөөц газрууд юм. Нэр дэвшсэн эдгээр газар нутгийн өнөөгийн нөхцөл байдал “Дэлхийн өвийн конвенцийн удирдамж”-ын шаардлагыг хангаж буй эсэх нь тодорхойгүй байжээ. Иймд Байгаль орчны яамнаас 2019-2020 оны хооронд Дэлхийн өвд бүртгүүлэх боломжтой эсэх судалгаа хийж шалгуурыг хангаж байна гэсэн дүгнэлт гаргажээ. Улмаар уг газруудын хамгаалалт, бүрэн бүтэн байдал, өнөөгийн төлөв зэргийг харгалзан Дэлхийн өвд нэр дэвшүүлэх ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг гаргасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.