Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэхэд Германы компани зөвлөнө
Чихэнд чимэгтэй
2024-08-20
Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн 30 мянган хүний суудалтай болгох төслийн баг өнгөрөгч зургаадугаар сард Лондонд төвтэй “Populous Holdings” компанийн удирдлагуудыг Монголд урьж зураг төсөлд шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилтийг хийлгэсэн билээ. Тэгвэл энэ удаад Германд төвтэй GMP архитектур, инженерингийн компанийн мэргэжилтнүүдийг урьж авчраад байна. Тавь гаруй жилийн туршлагатай тус компани Олимп болон хөлбөмбөгийн UEFA, FIFA зэрэг дэлхийн хэмжээний цэнгэлдэх хүрээлэн барих төсөл дээр ажилласан туршлагатай аж. Тус компанийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг өчигдөр, өнөөдөр хоёр хоног Төв цэнгэлдэх хүрээлэнд судалгаа хийж, зөвлөмж гаргахаар ажиллана. Шинэ цэнгэлдэх хүрээлэн 12.8 га газарт дөрвөн улирал ашиглах боломжтой, нээж хаагддаг дээвэртэй, дотроо зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудалтай байх юм. Улмаар ирэх есдүгээр сард судалгааны ажлыг дуусгаж зураг төслийн тендерийг зарлана. Мөн дээрх байгууллагууд тендерт оролцох боломжтой. Монголд ирээд буй GMP компанийн Азийн салбар хариуцсан захирал Магдалена Вайсс “Бид өмнө нь Испанийн "Real Madrid" клубийн "Santiago Bernabeu" цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гүйцэтгэж байсан. "Santiago Bernabeu" цэнгэлдэх Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэн шиг орон сууц, хотхон дунд байрладаг. Бидний хувьд цэнгэлдэх хүрээлэнг хотын зах руу нүүлгэлгүй одоо байгаа байршилд нь байгуулахыг хамгийн оновчтой гэж үзэж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.