images

БНСУ: Үндэсний баярын өдрөөр алдаа гаргасан KBS телевиз иргэдээсээ уучлал гуйв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-08-15


   БНСУ-д өнөөдөр Японы дарлалаас чөлөөлөгдсөн үндэсний баярын өдөр тохиож байна. Тус улс 1910-1945 оны хооронд Японы колони улс байгаад 1945 оны наймдугаар сарын 15-ны өдөр тусгаар тогтнолоо зарласан юм. Харин энэ өдөр тус улсын KBS телевиз “Эрвээхай хатагтай” нэртэй дуурийг телевизээр гаргаж, тус дуурь дээр Японы төрийн дуулал эгшиглэж, япон хувцастай эмэгтэй дуулсан үзэгдэл гарсныг иргэд ихээр шүүмжилж, үүнээс үүдэн тус телевиз ард иргэдээсээ уучлал гуйсан байна. Телевизийн албанаас мэдэгдэл гаргаж, “Бид тайзны урлагт зориулсан “KBS Broadcast Seat” нэвтрүүлэг цацах явцдаа ард иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлсэндээ хүлцэл өчиж байна” гэжээ. Түүнчлэн “Ийм зүйлийг дахин давтахгүйн тулд нэвтрүүлгийн цаад үнэн мөнийг шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцох зэргээр илүү анхаарч ажиллана” гэжээ. Энэ өдөр KBS 1TV-ээр гарсан “KBS Broadcast Box” нэвтрүүлгээр энэ оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сөүлийн Урлагийн төвд тоглосон "Эрвээхэй хатагтай" дуурийн бичлэгийг цацсан бөгөөд дуурийн үйл явдалд дээрх дүр зураг буужээ. Италийн хөгжмийн зохиолч Жакомо Пуччинигийн зохиосон "Эрвээхэй хатагтай" дуурь нь америк офицер япон эмэгтэй хоёрын хайрын тухай өгүүлдэг аж. Тэдний хуримын ёслол дээр Японы төрийн дуулал эгшиглэж, япон бүсгүй үндэсний хувцсаа өмссөн байсан нь Үндэсний баярын өдрөөр гаргахад зохисгүй үзэгдэл байсныг иргэд ийнхүү шүүмжилсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.