Парис хотын дарга хатагтай Сена мөрний усанд сэлэв
Анд нөхдийн мэдээ
2024-07-18
Францын Парис хотын дарга Анн Идальго 2024 оны Парисын Олимп эхлэхээс 9 хоногийн өмнө буюу өчигдөр өглөөний 9:55 цагт Сена мөрөнд сэлжээ. Тэрбээр зориулалтын усны хувцастай таван минут орчим чөлөөт үзүүлбэр үзүүлж сэлсээр ойролцоох усан онгоцны буудалд хүрчээ. Мөн Парисын Олимпыг зохион байгуулах хорооны дарга Тони Эстанж, Парисын Олимп, Сена мөрний асуудал хариуцсан орлогч дарга Пьер Лабардин нар хотын даргатай хамт сэлсэн байна. Хотын дарга хатагтай голын уснаас гарч ирсэн хойноо "Бид энэ мөчийг олон жилийн турш мөрөөдөж ирсэн. Сена мөрнийг цэвэрлэхийн тулд тууштай, шаргуу ажилласны үр дүнд нь усны чанар эрс сайжирсан” гэжээ. Улмаар Олимпын наадмын дараа ч хүмүүс мөрний усанд сэлэх боломжтой болсныг тэмдэглэсэн байна. Хотын захиргаа ирэх жилээс эхлэн мөрний эрэг дагуу дөрвөн байршилд олон нийтэд зориулсан усан сан байгуулахаар ажилдаа ороод байна. Хотын дарга өнгөрсөн сарын 23-нд Сена мөрний усанд сэлэхээ мэдэгдсэн ч усны чанар тохиромжгүй, ширүүн бороо орсны улмаас урсгал хурдан байсан тул энэ өдрийг хойшлуулжээ. Олимпын наадмын усанд сэлэлтийн тэмцээн болохоор төлөвлөсөн Сена мөрний усны чанарын талаарх маргаан гарах болсон тул А.Идальго мөрний ус аюулгүй гэдгийг баталгаажуулахаар ийнхүү өөрийн биеэр үлгэрлэсэн нь энэ аж. Сүүлийн үед цаг агаар хэвийн байж, Сена мөрний усыг цэвэршүүлэх ажлыг шуурхай хийсний үр дүнд өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн усны чанар сайжирч, усан сэлэлтийн стандартад нийцсэн гэсэн үзүүлэлт гарчээ. Анх 1900 онд Парис хотод Олимп болоход Сена мөрөнд усанд сэлэлтийн тэмцээн зохиогдож байсан аж. Гэвч үйлдвэржилтийн улмаас мөрний ус ихээр бохирдсон тул 1923 оноос усанд сэлэхийг албан ёсоор хориглосон байна. Улмаар мөрний усыг цэвэрлэх ажил 2024 оны Парисын Олимптой зэрэгцэн шуурхай эхэлсэн бөгөөд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг хэд хэдэн төсөл хэрэгжүүлж, үүнд 1.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.