Туркийн домогт хөлбөмбөгчин Америкт таксины жолооч хийх болсны учир юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-07-05
2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-д од болж байсан Туркийн домогт тамирчин Хакан Шюкюр АНУ руу дүрвэн гарч, эдүгээ таксины жолооч хийж байгаа тухай Их Британийн “Daily Star” сонин мэдээлэв. Х.Шюкюр Туркийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 112 тоглолтод оролцож, 51 гоол оруулсан бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Тэрбээр 2008 онд зодог тайлсныхаа дараа улс төрд орж, 2011 оны сонгуульд Ерөнхийлөгч Р.Эрдоганы намаас нэр дэвшин өрсөлдөж парламентын гишүүн болсон ч 2013 онд намаасаа гарч бие даан нэр дэвшихээр болжээ. Энэ үеэс түүний улс төрийн эмгэнэлт түүх эхэлсэн аж. Тухайн үед түүнийг Р.Эрдоганы улс төрийн өрсөлдөгч, хожим цэргийн эргэлт зохион байгуулсан Фетхулла Гюлентэй хамтарсан гэх хардлага гарах болжээ. Дараа нь түүнийг Твиттер хуудсандаа Р.Эрдоганыг доромжилсон хэргээр буруутган төрийн эсрэг үзэлтний ангилалд оруулж бүх хөрөнгийг нь хураасан бөгөөд домогт тамирчин эцэст нь 2015 онд гэр бүлээ дагуулан Америк руу цагаачилсан байна. Одоо тэрбээр АНУ-ын Калифорниа мужийн Пало Алто хотод амьдарч байгаа бөгөөд “Daily Star” сонинд өгсөн ярилцлагадаа “Р.Эрдоган надаас эрх чөлөө, үг хэлэх, ажиллаж хөдөлмөрлөх эрхийг минь хүртэл булааж, хэдэн арван сая долларын үнэ бүхий хувийн өмчийг минь хурааж авсан” гээд “Гэхдээ тэр намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн нотлож чадаагүй” гэжээ. Түүний гэр бүл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-д байнгын оршин суух эрх авсан бөгөөд одоо тэрбээр таксины жолооч хийхийн хажуугаар ном зарж байна. Эцэст нь Х.Шюкюр “Би Туркийн төр засгийн дайсан болсон хэдий ч эх орон, ард түмэндээ туйлын хайртай” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.