images

Монгол банк хэрэглээний зээлийн зохицуулалтаа өөрчлөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-03


   Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрөгч сарын 25 болон өчигдрийн хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах, банкуудын гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг гурван нэгж хувиар бууруулж, 15 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Банкнаас иргэдэд шинээр олгох хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 55 хувь болгож байгаа бөгөөд амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага дүнтэй зээлд өр орлогын хэмжээний хязгаарлалт мөрдүүлэхгүй байх, тодорхой нөхцлүүдийг хангасан дээд боловсролын сургалтын төлбөрийн зээлд ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалт хамаарахгүй байхаар өөрчилжээ. Мөн бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрийг инфляцад нөлөөлөх гадаад, дотоод орчны эрсдэл, цаашдын төлөвийг харгалзан гаргасан байна. Учир нь, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөс сайжирсан ч геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын мөргөлдөөн эрсдэлтэй гэж үзжээ. 

  Түүнчлэн Монгол банкнаас энэ оны нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт 7.8 хувьд хүрч хүлээлтээс өндөр гарсан тухай танилцуулав. Жилийн инфляц энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд 5.7 хувь, Улаанбаатар хотод 5.6 хувьд хүрч буурсан байна. Учир нь нүүрсний экспортыг дагаад уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өрхийн болон төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдэж дотоод эрэлт тэлснээр бусад салбарууд идэвхжжээ. Харин зудын нөхцөл байдал хүндэрч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл агшиж байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай аж.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.