images

Илон Маск Чингис хааны тухай Жэк Уэтерфордын номыг уншихыг зөвлөв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-07-02


    Тэрбумтан Илон Маск долоодугаар сарын 1-нд X платформоороо дамжуулан 11 аудио ном санал болголоо. Тэдгээр номын нэг нь түүхч Жэк Уэтерфордын бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном байв. 2004 онд анх хэвлэгдсэн жилээ “New York Times сонины бэстсэллэрийн жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүлсэн энэ ном тус сонины 2014 оны шилдэг цахим номын 6 дугаарт шалгарч байв. Мөн аudible.com-ын 2011 оны шилдэг аудио номоор шалгарсан. CNN мөн 2011 онд уг номыг Долоо хоногийн шилдэг номоор шалгаруулж байжээ. Өнгөрсөн хугацаанд энэ ном гадаадын 21 хэлээр орчуулагдан гарсан юм. Ж.Уэтерфорд номынхоо борлуулалтыг эхлүүлэхдээ өөрийн найз, залуу лам Батсайханаар өдөр судар үзүүлж товлоод яг тэр өдрөө худалдаанд гаргаж байв. И.Маскийн өмнө Английн хөлбөмбөгийн дэд лигийн “Bristol Rovers” багийн дасгалжуулагч Жои Бартон хоёр ч удаа энэ номыг уншсанаар дэлхийн түүхэнд хорхойсох болсноо хэвлэлд ярьсан байдаг.

   Чингис хаан, Их Монгол улсын сэдвээр хэд хэдэн ном бичиж манай түүхийг дэлхий дахинаа таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан Ж.Уэтерфорд 2022 онд Чингисийн одонгоор шагнуулсан юм. Түүний ээлжит ном, Их Юань улсын хаан Хубилайн тухай “The Emperor of the Seas: Khublai Khan and the Making of China” ирэх аравдугаар сард худалдаанд гарна. И.Маск үүнээс гадна 10 ном санал болгосон нь: Уиль Дюрант, Ариэл Дюрант нарын бичсэн “The Story of Civilization”, “Penguin” хэвлэлийн газрын “The Iliad”, Фрэдрих Хэйкийн “The Road to Serfdom”, Уильям Манчэстэрийн “American Caesar”, Дэвид Кушнэрийн “Masters of Doom”, Адам Түүзийн “The Wages of Destruction”, Эрнст Жангэрийн “The Storm of Steel”, Барбара Тучмэний “The Guns of August”, Юлий Цезарийн “The Gallic Wars”, Уильям Болито Райллийн “Twelve Against the Gods” байна. Тэрбээр өнгөрөгч сард Дэн Кэрлиний “Hardcore History”, түүхийн “Explorers Podcast”, “The Аge of Napoleon” подкастыг сонсохыг санал болгосон билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.