images

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-26


   Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар мэдээллийг Улаанбаатар хотын захиргаа, Наадам зохион байгуулах комиссос өнөөдөр өглөө. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол улсын 818 жилийн ойн баяр наадмыг угтан Төв цэнгэлдэх хүрээлэнг тохижуулж байна. Одоогоор автомашины зогсоол шинээр барих, зам засах, суурийг тэгшлэх, сур, шагайн харвааны асар, орчин тойрныг тохижуулах ажлыг хийж байгаа аж. Наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 250 зөвшөөрөл олгоно. Үүнээс жижиг дунд үйлдвэр эрхлэгч 125, зөөврийн түргэн хоолны үйлчилгээ 28, хүнсний худалдаа 17, хоолны үйлчилгээ 188 байхаар төлөвлөжээ. Мөн нийслэлд наадмын өдрүүдэд урлаг соёлын 12 арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байна. Тухайлбал, ирэх сарын 10-нд Сүхбаатарын талбайд “Учиртай гурван толгой” дуурийг тоглох юм. Наадмын үндсэн тоглолтыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвээр хүний үүслээс эхлэн өнөөг хүртэлх ололт амжилтын агуулгыг багтаан дэглэж байгаа аж. Иймд “Уяхан замба тив”, “Хүн эрдэнэ”, “Хүрэл эрин цаг“, “Их монголын аураг орд”, “Дэлхийн нийслэл Хархорум”, “Түүхийн хүрдэн”, “Замбативийн жаргал” гэсэн долоон бүлэг зохиолын дагуу урлагийн үзүүлбэр бэлдэж байна.

   Түүнчлэн эрийн гурван наадмын зохион байгуулалтын талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар мэдээлэл өгөв. Тэрбээр “2024 оны Үндэсний их баяр наадамд барилдсан 32 бөх, үндэсний сурын 16 харваачаас авах шинжилгээний сорьц, сорьцын хариуг шуурхай гаргуулах, ил тод байдлыг хангах үүднээс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн Германы Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид шинжилгээг хийлгэхээр ярилцаж байна” гэлээ. Ингэснээр шинжилгээний хариуг 48 цагийн дотор хүлээн авах ажээ. Мөн Хүй долоон худгийн замыг засах, морины бариа, зурхайг хэмжиж тэмдэглэх ажлын явц 70 хувьтай байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.