Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Бид энэ айлчлалд хоёр жил бэлдсэн
Чихэнд чимэгтэй
2024-06-25
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчалын үеэр талууд Агаарын тээврийн хэлэлцээр, Авто тээврийн хэлэлцээр, Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр зэрэг 14 баримт бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Агаарын тээврийн хэлэлцээр байгуулснаар Монгол, Узбекистаны хооронд шууд нислэг хийх, мөн дамжин өнгөрч тээвэрлэлт хийх таатай орчин бүрдэж байна. Үүний үр дүнд иргэд хямд зардлаар ая тухтай нисэх, бизнес эрхлэгчид худалдаа наймаагаа бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх шинэ гарц нээгдэж байгаа юм. Талууд мөн Авто тээврийн хэлэлцээр байгуулсан бөгөөд эко, эрүүл, ногоон хэмээн дэлхий дахинаа алдаршсан Узбекистаны жимс, хүнсний ногоо Монголын зах зээлд энэ хоёр замын аль алинаар тээвэрлэгдэн орж ирэх боломж ийнхүү бүрдэж байна.
Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлснээр, уг айлчлалд тус яам хоёр жилийн турш бэлтгэжээ. Хоёр улс дипломат харилцаа тогтоосон 32 жилийн хугацаанд өндөр дээд хэмжээний айлчлал нэг ч удаа хэрэгжээгүй юм. “Айлчлалыг харилцан тохиролцох, товлох, бэлтгэл ажлыг хангахын тулд Гадаад харилцааны яам, холбогдох бусад байгууллагуудын хооронд өнгөрсөн хугацаанд маш олон уулзалт болсон” хэмээн сайд Б.Батцэцэг хэлсэн байна. Бэлтгэл ажлын явцад тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард Узбекистанд айлчлах үеэрээ ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалыг хэрэгжүүлэхээр эцсийн байдлаар тохиролцжээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт Узбекистаны Гадаад хэргийн сайд Б.Саидов сайд Б.Батцэцэгтэй утсаар ярьж, айлчлалыг хүлээж авахад бэлэн болсноо нотолсон юм.
Айлчлалын үеэр хэрэгжсэн нэг чухал ажил бол Монгол улс Узбекистанд Элчин сайдын яамаа нээсэн явдал байв. ЭСЯ нээх ёслолын ажиллагаан дээр сайд Б.Батцэцэг хэлэхдээ ”Элчин сайдын яам нээх асуудлыг бид Узбекистаны талтай жил гаруйн өмнөөс ярилцаж, харьцангуй богино хугацаанд ажил хэрэг болголоо. Энэ нь харилцаагаа шинэ түвшинд гаргах манай хоёр талын сонирхол нэгдмэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл болж байна” гэжээ.
Талууд холбогдох гэрээ хэлэлцээрт Ташкентад гарын үсэг зурснаар, Монгол улсаас тус улсад гаргаж буй мах, махан бүтээгдэхүүний хэмжээг эрс нэмэгдүүлэх, Узбекистанаас жимс, ногоо зэрэг эрүүл хүнс, бусад бүтээгдэхүүн импортоор авахад учирч байсан саад тотгорыг бүрэн арилгаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар, мал эмнэлэг, хорио цээр, мал аж ахуйн салбарын яамд хооронд өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд ийм бололцоо олгож байгаа аж. Хоёр улс мал эмнэлэгтэй холбоотой мэдлэг, туршлага солилцох, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийх, хяналт тавих чиглэлээр мөн хамтран ажиллахаар боллоо. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн баялаг туршлагатай Узбекистан улстай манайх хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хөтөлбөрийг энэ салбарт хэрэгжүүлэх болжээ.
Талууд мөн эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Тухайлбал, хоёр орны залуучуудын уулзалтыг ирэх жил зохион байгуулах, оюутнуудыг их дээд сургуульд харилцан сургах, түүх, соёл, байгалийн түүхэн дурсгалт газрууд болон үндэсний уламжлалыг харилцан сурталчилах, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг MCS, АПУ тэргүүтэй Монголын томоохон компанийн захирлууд, нийтдээ 100 гаруй бизнесмэн дагалдаж явж байна. Айлчлалын үеэр Монгол-Узбекистаны бизнес форум зохион байгуулагдаж, хоёр талын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцохоос гадна хоёр орны Бизнес зөвлөлийг байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжих өргөн бололцоо байгаа, эдгээр бололцоог ашиглан бизнесээ өргөжүүлэх өндөр сонирхол манай хувийн хэвшлийнхэнд байгааг харуулж байна. Айлчлалын үеэр соёлын хамтарсан тоглолт болж Монгол улсын морин хуурын найрал хөгжим Төв Азийн оронд анх удаа тоглоно. Айлчлалын явцын талаар Гадаад харилцааны сайд өнөөдөр “Монголын Гадаад харилцааны яамны хоёр жил бэлтгэсэн нөр их ажил, манай дипломатчидын уйгагүй хөдөлмөрийн үр дүн ийнхүү бодит ажил хэрэг болж байгаад баяртай байна” хэмээн хэлжээ. Айлчлал үргэлжилж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.