Вьетнамын цагдаагийн албанд зүтгэдэг монгол морьдыг эх орондоо авчирна
Чихэнд чимэгтэй
2024-06-25
Нутгаа зорин гүйх гүйгүүл морины тухай кино хийх санаачлага гарган "Гайхамшигт монгол адуу", "Дэлхийг тамгалсан монгол адуу" баримтат киног бүтээсэн Ю.Үнэнбүрэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайтын талын Баян толгойн Монгол түмний морины их шүтээнээс "Дэлхийн морьтнууд" фэйсбүүк хуудсаараа энэ сарын 21-нд шууд дамжуулалт (live) хийсэн билээ. УИХ-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшиж байгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй тухайн үед тааралдахад тэрбээр Вьетнамын Цагдаагийн албанд зүтгэдэг монгол морьдын тухай ярив. Вьетнам улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны Хөдөлгөөнт эргүүл, хамгаалалтын газар Ханой хотод 2020 онд морьт эргүүлийн цагдаагийн алба шинээр байгуулжээ. Тухайн үед Морьт эргүүлийн цагдаагийн алба байгуулахдаа Монгол улсаас 100 адуу авсан аж. Энэ талаар Б.Батцэцэг "2023 оны 11 дүгээр сард Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам улсад төрийн айлчлал хийсэн юм. Тус улсын Дотоодыг хамгаалах яам нь Монголоос 100 адуу авсан юм байна лээ. Манай хоёр улс олон жилийн найрамдалт харилцаатай учраас Хууль зүй, дотоод хэргийн яам зохион байгуулаад адуу бэлэглэж. Вьетнамчуудын хэлснээр манай морьд вьетнам хүмүүсээс их хангамж авч, илүү орчинд амьдарч, арчлуулж, тэднээс илүү үнэтэй хоол иддэг гэж ярьсан. Их халуун газар учраас хашаа хороог нь сайхан тохижуулжээ. Морьдыг цэргийн зориулалтаар сургадаг юм байна. Вьетнамд өндөр уул, ширэнгэ, хад их. Уулын оройгоор хил хамгаалахад монгол морь л явж чаддаг гэнэ. Хүн, машин явж чадахгүй газар Цагдаагийн ажилтнууд монгол морь унаж яваад уулын оройгоор хяналт шалгалт хийдэг. Хар тамхины наймаачдыг барих, хууль бус наймаатай тэмцэхэд ашигладаг юм байна. Мөн вьетнамчууд монгол морь "Баатарлаг" гэж байлаа. Тэгээд бидэнд монгол морьдын сургуулилалтыг үзүүлэв. Үзээд бид үнэхээр огшиж нулимс дуслуулсан. Тэгэхэд манай Элчин сайд "Монгол хүн очоод юм ярихаар үнэрийг нь таниад нулимс нь гоожоод янцгаагаад байдаг" гэсэн юм. Үнэхээр л биднийг яалт ч үгүй таньсан. Өрөвдөөд бүгдийнх нь хамар шархирсан. Тэгээд энэ морьдын цаашдын хувь заяаг яах вэ гэтэл Вьетнамын Ерөнхийлөгч, сургаж байгаа улсууд нь "Энэ морьд хөгширч байгаа" гэж байна. Тэгэхээр нь манай ерөнхийлөгч санал тавилаа. "Бид монгол морьдоо буцааж авья. Нутагтаа очиж ясаа тавиг. Харин та нарт оронд нь залуу адуу өгье. Та нар эрэмгий дайчин монгол морийг сурталчилж байгаа учраас зөвхөн танай улстай ийм тохироо хийе" гэсэн. Энэ бол манай зөөлөн хүчний бодлого. Монгол морь тэнд хүнээс илүү дипломат ажиллагаа явуулж байна" гэж ярилаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.