Эль Сальвадор улсад гэмт хэргийн тоо огцом буурчээ
Анд нөхдийн мэдээ
2024-06-13
Гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэл явуулж буй Төв Америкийн Эль Сальвадор улс өнгөрсөн 12-ны өдөр олон гэмт хэрэгтнийг нэг дор хорьсон зураг, бичлэг олон нийтэд дэлгэсэн байна. 2019 оноос төрийн эрхийг барьж буй Ерөнхийлөгч Наиб Букеле гэмт хэрэгтэй тэмцэх хатуу бодлогоороо олон түмний дэмжлэг хүлээж, өнгөрсөн хоёрдугаар сард болсон сонгуулиар хоёр дахь удаагаа ялалт байгуулсан юм. Цахим орчинд нийтэлсэн видео бичлэгт бие болон толгойдоо шивээстэй, богино өмднөөс өөр хувцасгүй олон гэмт хэрэгтнийг эгнүүлэн суулгасан дүрс буужээ. Тус улс 2022 онд үндэсний хэмжээнд онц байдал зарлаж, цагдаа нарт баривчлах, нэгжлэг хийх зөвшөөрөл олгож, оршин суугаа газарт нь нэгжлэг хийх эрхийг өгсөн аж. Өнгөрсөн оны наймдугаар сард гэмт бүлэглэлийн толгойлогчид 634 жилийн хорих ял оноох зэргээр хатуу бодлого баримталж буйгаа илэрхийлсэн юм. Харин тус улсын энэ бодлого хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд эсэргүүцэж байна. Эль Сальвадорын холбогдох байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсад гарсан хүн амины гэмт хэргийн үзүүлэлт 100 мянган хүнд 2,4 байгаа нь Америк тив дэх хамгийн бага үзүүлэлт ажээ. Харин 2015 онд 100 мянган хүн тутамд 105.2 хүн амины гэмт хэрэг бүртгэгдсэн нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт байсан аж. Үүнтэй харьцуулахад хатуу бодлого баримталсны хүчээр тус улсын гэмт хэргийн тоо огцом буурсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.